Энэ сарын 30-наас эхлэн ихэнх нутгаар огцом хүйтэрч, цас орж, хүчтэй шуурч байгалийн гамшигт үзэгдэл болох тул  урьдчилан сэргийлэхийг анхааруулж ЦУОШГ болон ОБЕГ-аас мэдээлэл хийлээ.

Мэдээллийн үеэр "Ойрын өдрүүдэд цаг агаарын эрс өөрчлөлт болох гэж байна. Энэ нь гамшгийн хэмжээнд хүрч болзошгүй учраас цахилгаан эрчим хүч, халаалт дулааны салбарынхан болон малчид, ард иргэд анхаарч, сэрэмжлэх шаардлагатай.

11 дүгээр сарын 30-наас 12 дугаар сарын 1-нд шилжих шөнө Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудын нутгаар, 1-ний өдөр Ховд, Говь-Алтай аймгийн нутгаар салхи секундэд 28-34метрт хүрч шуурна. Мөн 1-ний өдөр дээрх нутгуудаар хүчтэй цасан шуурга шуурна. Энэ хүчтэй шуурга нь 2-ний өдөр ихэнх нутгийг хамарна.

12 дугаар сарын 2-ноос ихэнх нутгаар огцом хүйтэрч Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндий, Завхан голын эхээр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 25-30 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Хэрлэн, Онон, Туул голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 21- 26 градуст хүрч хүйтэрнэ.

Дулаан байдаг говийн бүсийн өмнөд хэсгээр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 9-11 градус хүйтэрнэ. Бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градуст хүрч хүйтэрнэ" гэдгийг мэдэгдлээ.


Малчид, тээвэрчид, иргэдийн анхааралд:

30-наас 1-нд шилжих шөнө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар цас орж, хүчтэй салхи, шуурга шуурч, 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарахыг онцгойлон анхааруулж байна.

2018 оны 11 дүгээр сарын 29-ний 20 цагаас 11 дүгээр сарын 30-ны 20 цаг

хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:


БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Завхан голын эх, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 7-12 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 6-11 градус хүйтэн, өдөртөө 1-6 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус, өдөртөө 2 градус хүйтнээс 3 градус дулаан байна.

ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгороор шөнөдөө 22-27 градус, өдөртөө 10-15 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус хүйтэн, өдөртөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан байна.

ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи шөнөдөө баруун хойноос, өдөртөө баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө нутгийн хойд хэсгээр 20-25 градус, нутгийн өмнөд хэсгээр 15-20 градус хүйтэн, өдөртөө бүх нутгаар 5-10 градус хүйтэн байна.

ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 19-21 градус, өдөртөө 3-5 градус хүйтэн байна.

ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 5-10 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 20-22 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.

2018 оны 12 дугаар сарын 01-нээс 12 дугаар сарын 05-ныг хүртэлх

цаг агаарын урьдчилсан төлөв:

 12 дугаар сарын 1-нд баруун аймгуудын нутаг болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 2-нд ихэнх нутгаар, 3-нд зарим газраар, 4-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр цас орно.

 Салхи 1-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар секундэд 28-30 метр, зарим үед секундэд 34 метр, 2-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч цасан болон шороон шуурга шуурна. 2-ноос ихэнх нутгаар хүйтний эрч эрс чангарч Завхан голын эх, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 38-43 градус, өдөртөө 23-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө 32-37 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 16-21 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 15-20 градус хүйтэн байна.