Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ:
Өнөөдөр Булган, Сэлэнгэ, Төв, Хэнтийн нутаг, Архангайн зүүн, Өвөрхангай, Дундговь, Дорнодын хойд хэсгээр салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэдийн анхааралд:
Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүчтэй салхи шуургатай байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг онцгойлон анхааруулж байна.
2019 оны 04 дүгээр сарын 19-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Өдөртөө Хангайн уулархаг нутгаар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Өдөртөө Алтайн өвөр говиор 20-25 градус, Увс нуурын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр эрс сэрүүсч 1-6 градус, бусад нутгаар 10-15 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Өдөртөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар бага зэргийн хур тунадас орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, шөнөдөө нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна. Нутгийн хойд хэсгээр сэрүүсч Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж голын хөндийгөөр 8-13 градус, бусад нутгаар 14-19 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө ихэнх нутгаар секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 16-18 метр хүртэл ширүүсч шороон шуурга шуурна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруунаас секундэд 8-13 метр, өдөртөө ихэнх нутгаар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүсч, шороон шуурга шуурна.
УЛААНБААТАР ХОТ: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө түр зуур секундэд 18-20 метр хүртэл ширүүсч, шороон шуурга шуурна. Өдөртөө 14-16 градус дулаан байна. Үдээс хойш сэрүүснэ.
Иймд иргэд, малчид, тариаланчид, ой, хээрийн бүсэд зорчин явагсад:
- Автомашин техникийн бүрэн бүтэн байдлыг хангах,
- Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх,
- Ил задгай гал түлэхгүй байх,
- Асаасан гал, түүдэг, тамхи, шүдэнзний галыг сайтар унтраах,
- Насанд хүрээгүй хүүхдийг түймрийн аюултай үед ой, хээрт чүдэнз, асаагууртай явуулахгүй байх,
- Гэр, байшин, малын хашаа, саравч, өвс тэжээл, худгийн эргэн тойронд 100-гаас доошгүй метрийн өргөнтэй цурав татах, шороон зурвас гаргах,
- Түймэр унтраах шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэж ой, хээрийн гал түймэр гарах эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.