Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авсан гэсэн зөрчил илэрч хуулийн байгууллагад шалгагдсан. Уг асуудлаар  наймдугаар сарын 9-ний өдрийн 16.00 цагт шүүхээс хянан  С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийг зөрчсөн гэсэн шийдвэр гарлаа.

Шүүхээр С.Ганбаатарыг нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг зургаа дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.440.000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив болох 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

Энэ талаар С.Ганбаатараас тодруулахад “Улс төрийн гүтгэлэгийн шинжтэй зүйл яваад байгаа юм. Гүйцэтгэх ажиллагаа нь дутуу улс төрийн асуудал. Би тав хоногийн дараа Улаанбаатарт очоод энэ талаар тайлбар өгнө. Одоогоор Хэнтий аймагт Үндсэн хуулийн хэлэлцүүлгээр явж байна” гэсэн юм.