ПАРИС. /AP/. Францын засаг захиргааны бодлогыг эсэргүүцэгч "Шар хантаазтнууд" өчигдөр буюу бямба гарагт 18 дахь долоо хоногтоо дараалан жагссан байна. Жагсагчдын зарим нь догширч, дэлгүүрүүдийг галдан шатааж, зоогийн газруудад эмх замбараагүй байдал үүсгэжээ.

Тус улсын Дотоод хэргийн яамнаас мэдээлснээр,нийслэл Парис хотод болсон жагсаал цуглаанд 10 мянга гаруй хүн, бусад хотод болсон жагсаалд 30 мянга гаруй хүн оролцсон аж. 

Цагдаагийн газрын ажилтнууд жагсагчдыг тараахын тулд усан буу болон нулимс асгаруулагч хий ашигласан байна. Энэ долоо хоногт өрнөсөн жагсаал цуглааны улмаас 120 гаруй хүнийг баривчлан саатуулжээ. 

Үүний зэрэгцээ 36 мянга гаруй хүн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тайван жагсаалд оролцсон байна. 

Шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн жагсагчид өнгөрсөн оны 11 дүгээр сараас жагсаал цуглаан өрнүүлж эхэлсэн юм. Түүнчлэн энэ удаагийн жагсаалд оролцогчдын тоог сүүлийн хэдэн жагсаал цуглаантай харьцуулахад өссөн байжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг