Францад бямба гарагт болсон “Шар хантаазтнууд”-ын 16 дахь удаагийн эсэргүүцлийн ажиллагаанд 40 мянга хүрэхгүй хүн оролцсон байна. Энэ тухай тус улсын Дотоод хэргийн яам мэдээлэв.

Тус яамны мэдээлснээр, Францын нийслэл хот болон бүс нутгуудад болсон жагсаал цуглаануудад нийтдээ 39300 “шар хантаазтан” оролцсон байна. Харин өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан эсэргүүцлийн ажиллагаанд 46600 хүн оролцжээ.

Нийслэл Парис хотод болсон эсэргүүцлийн ажиллагаанд 4000 хүн оролцсон бөгөөд 33 хүнийг баривчилсан байна.

Татвар болон шатахууны үнийг нэмэгдүүлэхийг эсэргүүцсэн “Шар хантаазтнууд”-ын жагсаал өнгөрсөн оны 11 дүгээр сарын дундуур эхэлсэн юм. Францын удирдлага нөхцөл байдлыг намжаах арга хэмжээнүүдийг авч, хэрэгжүүлэхээ мэдэгдсэн хэдий ч эрх баригчдын нийгмийн бодлогод сэтгэл хангалуун бус байгаа хүмүүс улс даяар жагсаал цуглаан хийсээр байгаа юм.  



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, AFP