Amazon компани видео камертай, ухаалаг хонхны систем бүтээсэн Ring старт-ап компанийг нэг тэрбум доллараар худалдаж авах санал хүргүүлжээ. Энэхүү компанийг худалдаж авснаар Amazon компани хэрэглэгчдийн гэрт хүнс, ахуйн бараа хүргэж өгөх бизнесээ өргөжүүлэх юм байна. Amazon, Ring-ийн наймааг Business Insider мягмар гарагт мэдээлж, Amazon гэр ахуйн ухаалаг төхөөрөмжийн салбар дахь оролцоогоо хэрхэн нэмэгдүүлж байгаа тухай бичжээ. 

Компаниудын аль нь ч мөнгөний талаар дурдаагүй ч Reuters, Wall Street Journal тэргүүтэй хэвлэл мэдээллийн хэрэгсэл нэг тэрбум доллараас их мөнгө яригдаж байгааг дамжууллаа. Хэрэв энэ үнэн бол Amazon компани 24 жилийн түүхэн дэх хамгийн том худалдан авалтуудын нэг нь болох юм. Хамгийн сүүлд тэд Whole Foods хүнсний дэлгүүрийн сүлжээг өнгөрсөн оны наймдугаар сард 13.7 тэрбумаар, 2009 онд гутал худалдааны Zappos дэлгүүрийн 1.2 тэрбум доллараар худалдан авсан. 

Ring-ийн видео камертай хонх 179-500 долларын үнэтэй, гэрийн гадаа нь ирсэн хэний ч болов дүрсийг гэрийн эзний ухаалаг гар утас руу мэдээлдэг. Amazon Business Insinder-т илгээсэн цахим шуудандаа “Ring-ийн гэрийн хамгаалалтын бүтээгдэхүүн, үйлчилгээ анхны өдрөөсөө л хэрэглэгчдийн сэтгэлийг булааж ирсэн. Бид энэхүү чадварлаг хамт олонтой хамтарч, гэрийн аюулгүй байдлыг нэмэгдүүлэх үйлсэд нь туслах гэж байгаадаа баяртай байна” хэмээжээ. 

Ring doorbell

Ring компани 2013 онд Shark Tank нэвтрүүлэгт оролцож бүтээгдэхүүнээ танилцуулсан. Тэд шүүгчдийн сэтгэгдлийг татаж чадаагүй ч бүтээгдэхүүнээ гаргаж хэрэглэгчдэд хүргэжээ. Ring хэдий жижиг компани боловч Best Buy, Target тэргүүтэй томоохон худалдааны сайтаас туслалцаа авч чадсан. Virgin группийг үүсгэн байгуулагч Ричард Брэнсонд тэдний бүтээл ихээхэн таалагдсан тул 2015 онд анхны хөрөнгө оруулагчдынх нь нэг болжээ.