Орон нутагт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станцууд шатахуун дутуу шахаж иргэд хэрэглэгчдийг хохироож байгаа мэдээллүүд цахим сүлжээгээр удаа дараа гарсан. 

Үүнтэй холбоотойгоор Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газраас  “Шатахуун түгээх станцуудын түгээж буй Аи-92, Аи-95 автобензин болон дизель түлшний түгээгүүрийн улсын баталгаажуулалт, лац тэмдгийн бүрэн бүтэн байдалд шалгалт хийж, хяналт шалгалтынхаа дүнг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлэх тухай албан бичгийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Стандарт, хэмжил зүйн газруудад хүргүүлжээ.

Энэ хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газар “Төлөвлөгөөт бус хяналт шалгалт”-ыг нийслэл, орон нутгийн хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний жижиглэнгийн худалдаа эрхэлж буй компаниудын шатахуун түгээх станцын түгээгүүрийн хэмжлийн нэгдмэл байдалд Стандарт, хэмжил зүйн газартай хамтран хийж гүйцэтгэсэн байна.

Хяналт шалгалтад нийт 16 компанийн ШТС-аас түүвэрлэн сонгож 22 объектыг хамруулан шалгажээ. Тус ШТС-уудын түгээгүүрүүд нь улсын баталгаажилтад хамрагдсан гэрчилгээтэй, баталгааны лац тэмдэг хөндөгдөөгүй, түгээгүүрийн хэмжил зүйн үзүүлэлт нь “Шатахуун түгээгүүр.Шалгах арга хэрэгсэл” MNS3015-2014 стандартын шаардлага хангаж байсан гэж үзжээ.


Шалгалт хийлгүүлэх тухай болон шалгалт хийсэн тухай албан бичгүүдийн бүрэн эхээр нь хүргэж байна.