1939 онд төгрөгийн дэвсгэртүүдийн хэмжээг өөрчлөхгүйгээр бүх дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэйгээр монгол үсгээр хэвлүүлж, 2-тын дэвсгэртийг 3-тын дэвсгэртээр сольж гаргаж байжээ.

1966 оны шинэ тэмдэгтийг гүйлгээнд оруулахдаа урьд нь гүйлгээнд явж байсан бүх цаасан тэмдэгтүүдийг богино хугацаанд сольж олгох замаар гүйлгээнээс татсан байна. Тэгэхдээ ханшийн өөрчлөлт хийгээгүй ажээ. 1966 оны мөнгөн тэмдэгтийн нөөцийг хуучин зураг загвараар нь 1981, 1983 онд сэлбэн хэвлүүлж, 1981 онд 20-тын дэвсгэртийг шинээр бүтээн гүйлгээнд нэмж хэрэглэсэн байна. 1925, 1939, 1941, 1955 онуудын мөнгөн тэмдэгтэд хуурамчаар үйлдэхээс хамгаалсан тусгай хийц байгаагүй, зөвхөн цаас, зураг хээ нь мөнгөн тэмдэгтэд зориулагдсан онцлог хийцээр бүтсэн байжээ. 

1966 оны мөнгөн тэмдэгтийн цаасыг үйлдвэрлэхдээ хуурамчаар үйлдэхээс хамгаалсан усан хээний аргаар өлзий хээг бүтээн оруулсан юм. Иймээс төгрөгийг томруулж нарийвчлан харвал улаан, цэнхэр болон бусад өнгийн зураасыг ажиглан харж болно.

1993 оны шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэрт дүрс нь өөр өөр өнгө, хэмжээтэй, 500, 1000, 5000, 10000-тын дэвсгэртэд их эзэн Чингис хааны хөрөг, 10-аас 100-тын дэвсгэртэд Д.Сүхбаатарын хөрөгтэй, түүхэн болон байгалийн зураг, төрийн туг, соёмбо, үндэсний хээ угалзаар чимэглэж бүтээсэн. Шинэ мөнгөн тэмдэгтийг 100 хувийн хөвөн цаасаар бүтээж, хуурамчаар үйлдэхээс хамгаалах зорилгоор олон зүйл хийсэн байдаг. 

Тухайлбал усан хээ, металл утас, байнга давхцах дүрс, микро үсгэн шугам, ультра гэрэлд тодрох дүрс, гарт тэмтрэгдэх товгор хээ, скайнер болон бүх төрлийн хувилагчаар олшруулбал тодрох юмуу хувилагдахгүй байх дүрс, гэрлийн ойлтоор тодорч харагдах дүрс зэрэг нууц тусгай хийцийг оруулан бүтээсэн аж.

2002 онд дахин хэвлүүлсэн 10000-ын дэвсгэртэд хамгийн сүүлийн үеийн нууц хийц болох өнгөө сольж гялалздаг "колограмм" хийцийг оруулсан. Шинэ мөнгөн тэмдэгтийн дэвсгэртүүд дээр Монголбанкны Ерөнхийлөгч Д.Моломжамц гарын үсэг зурсан. 1998 онд гүйлгээнд гарсан 1000-тын дэвсгэрт дээр Монголбанкны ерөнхийлөгч Ж.Үнэнбат гарын үсэг зурж 2000 оноос хойш гадаадад хэвлүүлж буй дэвсгэртүүдэд Монголбанкны ерөнхийлөгч О.Чулуунбат гарын үсгээ зуржээ.