ВЕЛЛИНГТОН. /AFP/. Шинэ Зеландын бүх сүмийн үйл ажиллагааг түр зогсоох хүсэлтийг тус улсын Цагдаагийн газраас тавьсан байна. Холбогдох мэдэгдлийг Шинэ Зеландын хууль сахиулах байгууллага "Twitter" хуудсандаа нийтэлжээ.


“Крайстчерч хотын хоёр сүмд халдсан хэргийг мөрдөн шалгах ажил үргэлжилж байна. Динс-Авеню болон Линвуд-Авеню  өргөн чөлөөнд орших сүмүүдэд болсон хэргүүд хоорондоо холбоотой гэдгийг бид нотолж чадна. Мөрдөн байцаагчид гэмт хэргийн шалтгаан, сэдлийг тогтоохоор ажиллаж байгаа учир мэдээлэл өгөх боломжгүй. Үүнтэй холбоотойгоор бид бүх сүмийг түр хаахыг хүссэн бөгөөд иргэдэд ийм газар очихгүй байхыг зөвлөж байна” гэж цагдаагийн мэдээлэлд дурджээ.


Баасан гарагт орон нутгийн цагаар 13 цаг 45 минутад зэрэгцэн оршдог Аль-Нур болон Линвуд сүмд өдрийн мөргөлийн дараа зэвсэглэсэн хүмүүс дайран орж, гал нээсэн байна. Үүний улмаас амиа алдсан хүний тоо 40 болж нэмэгджээ. Гал нээх үеэр 27 хүн амиа алдаж, 30 орчим хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж урьд нь мэдээлсэн билээ. Хэрэг гарах үед сүмүүдэд 200 болон 300 орчим хүн байсан байна.


Крайстчерч хотын цагдаа нар гурван эрэгтэй, нэг эмэгтэйг сүмүүдэд халдсан хэрэгт сэжиглэн баривчилжээ.


Эх сурвалж: Монцамэ агентлаг