"Fuckup nights" үйл ажиллагаанд оролцож өөрийн бүтэлгүйтлээ хуваалцсан оролцогчдоос хамгийн содон түүхтэй бөгөөд хамгийн ахмад нь "Глоб интернешнл” ХХК-ийн захирал Ж.Мэндбаяр. Бизнесийн салбарт “Долоо шархдсан чоно” хэмээн өөрийгөө нэрлэсэн тэрбээр энэ үдэш ирсэн хүмүүст “Та нар намайг Глоб хадгаламж зээлийн хоршооны бүтэлгүйтлийг ярина гэж бодож байна уу? Үгүй шүү. Яагаад гэвэл Глоб үүсгэн байгуулагдсанаасаа эхлээд хаагдах хүртлээ амжилттай ажилласан юм. Харин би өөрийнхөө сэтгэлд хамгийн тод үлдсэн өөр нэг том паянгаа та бүхэнтэй хуваалцъя” хэмээсээр яриагаа эхлүүлсэн юм. 

1990-ээд оны дундуур баруун зүүнээс явдаг нийтийн тээврийн том оврын автобус заавал дөрвөн зам дээр бууж солигддог байжээ. Тиймээс энэ хооронд микроавтобусыг явуулахаар шийдсэн хэрэг. Учир нь асуудал байгаа газар бизнесийн боломж байдаг шүү дээ. Тус санаагаа хэрэгжүүлэхийн тулд орон сууцаа зарж, банкнаас зээл авч, эхнэр хүүхдээ хадмындаа суулгажээ. 

Ингээд ганзагын наймаа эрхэлж байхдаа танилцсан Манж өвгөнөөс 20 гаруй жижиг автобус худалдаж аваад төвөөр явуулж эхэлсэн байна. Гэтэл жолоочийн машин барих ангилал өөрчлөгдсөнөөс автобус барих жолооч цөөрч, дээрээс нь хотын нийтийн тээврийн графикийг зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн тээврийн газраас автобус явах эрхийг нь цуцалсан хэрэг. 

Ингээд л банкинд өртэй, байр, машингүй үлдэж байж. Энэ тухайгаа ярихдаа Ж.Мэндбаяр “Миний хамгийн том алдаа бол өрсөлдөгчөө буруу олж харсан явдал. Миний жинхэнэ өрсөлдөгч бол нийтийн тээвэрт явж буй том оврын автобус биш, түүний эзэн төр байсан юм” гэв. 

Өрсөлдөгчгүй бизнес гэж байдаггүй хуулийг ухааруулсан энэ дампуурлын дараа тэр шивэр, хулмас арилгадаг тос хийж гурван сарын дотор өрөө дарж дуусаад байр, машинтай болсон хэмээн ярьлаа. Одоо ч толгой дүүрэн том төсөл бодож явдаг тэрбээр анхнаасаа үүнийг тооцоолсон бол алдахгүй байлаа гэсэн юм.