Бразилийн Белен хот дахь “Санта-Изабел” шоронгийн хоригдлууд оргохыг завджээ. Үүний улмаас 21 хүн амиа алдсан байна. Энэ тухай тус улсын телевизийн “Globo” суваг мэдээлэв.  

Тус телевизийн мэдээлснээр, зэвсэглэсэн бүлэг этгээд засан хүмүүжүүлэх байгууллагад халдлага үйлдсэн байна. Гэмт этгээдүүд хоригдлуудыг оргуулахын тулд тус шоронгийн байрны нэг ханыг гар аргаар хийсэн тэсрэх бөмбөгөөр дэлбэлэхийг завджээ.

Оргохыг завдаж байсан хоригдлуудыг зогсоохын тулд тус засан хүмүүжүүлэх газрын харуулын ажилтнууд галт зэвсэг хэрэглэхээс өөр аргагүйд хүрчээ. Гэмт этгээдүүд ч хариу гал нээсэн байна. Үүний улмаас 20 хоригдол, 1 харгалзагч амиа алдаж, хэд хэдэн хүн бэртэл гэмтэл авчээ.  




Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг