КОЛОМБО. /BBC/. Өнгөрсөн ням гарагт Шри Ланка улсад болсон цуврал халдлагыг олон улсын бүлэглэлийн дэмжлэгтэйгээр үйлдсэн байж болзошгүй тухай тус улсын эрх баригчид мэдээлэв.


Хэдийгээр уг халдлагын хариуцлагыг аль нэг бүлэглэл хүлээгээгүй байгаа боловч Шри Ланкагийн Засгийн газар уг халдлагад “Үндэсний Тувхет Жамаат” жихадуудын бүлэглэлийг буруутгаж байгаа ажээ.


Сүмүүд болон зочид буудлуудад амиа золиослогч этгээдүүдийн үйлдсэн халдлагын улмаас 290 хүн амиа алдаж, 500 хүн шархадсан юм. Цагдаагийн ажилтнууд олон удаагийн нэгжлэг явуулж, 24 хүнийг баривчлаад байна.


Энэхүү харамсалтай хэрэгтэй холбогдуулан Ерөнхийлөгчийн тамгын газар орон даяар онц байдал зарлажээ. Даваа гарагийн шөнө дундаас хэрэгжиж эхэлсэн онц байдлын үед цагдаа, цэргийн албан хаагчид сэжигтэй хүмүүсийг шүүхийн тушаалгүйгээр баривчлах эрхтэй юм.


Батлан хамгаалахын сайд Хемасири Фернандогийн мэдэгдснээр, уг халдлагыг Шри Ланкагийн бүлэглэл дангаараа үйлдсэн гэдэгт эрх баригчид итгэхгүй байгаа бөгөөд амиа золиослогчдыг олон улсын дэмжлэг авсан хэмээн үзэж байгаа ажээ. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг