КОЛОМБО. /AP/. Шри Ланкад цуврал халдлага үйлдсэн хэт давруу үзэлтнүүдийг эрэн сурвалжлах болон халдлагуудад амиа алдсан иргэдийн хэн болохыг тогтоох ажлыг хөнгөвчлөх зорилгоор тус улсын Ерөнхийлөгч Майтрипала Сирисена иргэдийг нүүрээ халхалсан хувцас өмсөхийг хориглох хуулийг санаачилсан байна. Энэ тухай “The Times of India” сонин мэдээлжээ.

Шри Ланка улсын төрийн тэргүүн дээрх шийдвэрийг гаргахдаа олон нийтийн аюулгүй байдлыг хангах, онц байдал тогтоох тухай хуулийн заалтуудад үндэслэсэн аж.

Террорист “Лалын улс” бүлэглэлтэй холбоо сүлбээтэй байж болзошгүй Шри Ланкагийн 140 орчим иргэнийг хууль сахиулах байгууллагынхан шалгаж байгаа тухай Сирисена өнгөрсөн долоо хоногийн баасан гарагт мэдэгджээ.

Шри Ланкагийн түүхэн дэх хамгийн аймшигт цуврал халдлага дөрөвдүгээр сарын 21-нд болсон билээ. Хамгийн сүүлийн мэдээллээр, цуврал халдлагын улмаас 250 орчим хүн амиа алдсан байна.


Эх сурвалж: Монцамэ агентлаг