ШӨХТГ-аас өнөөдөр ирэх онд баримтлан ажиллах чиглэл болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

ШӨХТГ 2018 онд:

  • Гүйцэтгэлийн хяналт шалгалтыг бүх шатанд хийх
  • Иргэдийг төөрөгдүүлсэн зар сурталчилгааг таслан зогсоох
  • Зөвхөн нийслэлийн хэмжээнд биш орон нутгийн иргэдээс ирүүлсэн өргөдөл гомдлыг шуурхай хянаж шийдвэрлэнэ гэдгийг албаны мэргэжилтнүүд мэдээллийн үеэр онцоллоо.

Мөн сүүлийн өдрүүдэд ихээр яригдаад буй шатахуун түгээх зарим газар шатахууны борлуулалтдаа хязгаарлалт тогтоож, үнээ нэмж байгаа талаар мэдээлэл өгөв.

Энэ талаар ШӨХТГ-ын Өрсөлдөөний бодлого зохицуулалтын газрын дарга Ц.Тэрбиш "Магнай трейд, Тэс, Сод Монгол гэсэн гурван газар борлуултдаа хязгаарлалт тавьсан гэсэн мэдээлэл байна. Манай байгууллагаас Ажлын хэсэг гараад үүнийг судалж байна. Одоогоор дүгнэлт нь гараагүй байна. Шатахуун түгээх газруудад дур мэдэн шатахууны хомсдол үүсгэж, хягзаарлалт хийх эрх байхгүй. 

Хэрэв дээрх байгууллагууд зохиомлоор шатахууны хомсдол үүсгэсэн нь тогтоогдвол хуульд заасны дагуу өмнөх жилийн борлуулалтын орлогын 4-6 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөөр торгоно.

Улс орны хэмжээнд шатахууны хомсдол үүсэх нөхцөл бүрдсэн тохиолдолд нефтийн компаниуд Төр, хувийн хэвшлийн хамтарсан зөвлөлд урьдчилан мэдэгдэх үүрэгтэй. Үүний дараа шатахууны хязгаарлалт тогтоох эсэхийг шийднэ. Үнэхээр хязгаарлалт хийх хэмжээнд хүрвэл хүссэн, хүсээгүй Засгийн газар яаралтай шийдвэр гаргана шүү дээ. Ийм нөхцөл бүрдээгүй байхад ялангуяа баяр, амралтын өдрүүдийг тохиолдуулан дур мэдэн хязгаарлалт тогтоож, иргэдэд хүндрэл учруулж буйд харамсч байна.  Шатахуун түгээх зарим газар 30 мянган төгрөгөөс дээш борлуулалт хийхгүй гэсэн хязгаарлалт тогтоосноо болиулсан байна. Бид хянан шалгаад эргээд мэдээлэл өгөх болно" хэмээн мэдэгдлээ.