Өнөөдрийн байдлаар Дорноговь аймгийн Хатанбулаг, Булган аймгийн Булган, Бугат, Сайхан, Архангай аймгийн Хотонт, Өгийнуур сумыг дамнасан голомт, Их тамир, Өвөрхангай аймгийн Өлзийт сум, Нийслэлийн Сонгинхайрхан дүүрэг буюу нийт 5 аймаг, 9 суманд малын гоц халдварт шүлхий өвчний хорио цээрийн дэглэм хэрэгжиж байна.

Малын гоц халдварт өвчний тархалтыг хязгаарлах, өвчнийг бүрэн хяналтад авах зорилгоор Монгол Улсын Засгийн газрын тогтоолын дагуу, ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооны төвөөс нийт 7,2 сая тун шүлхийн вакцин шууд худалдан авах гэрээ байгуулсан. Гэрээний дагуу эхний ээлжийн 0,5 сая тун вакциныг 2018 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авсан бол хоёр дахь ээлжийн 4 сая тун вакцинийг өнгөрсөн амралтын өдрүүдэд хүлээн авчээ.

Тэгвэл шүлхий өвчнөөс сэргийлэх 4 сая тун вакцинаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Улаанбаатар гэсэн 15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн бөгөөд одоогоор Төв болон говийн аймгуудад хүргүүлсэн байгаа ажээ.