УИХ дахь Ардчилсан намын зөвлөл өнөөдөр Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч Ө.Энхтүвшинд албан бичиг хүргүүлж буй талаараа мэдээлэл хийлээ.

Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асуудлаар АН-ынхан хуралдаж, нэмэлт өөрчлөлт дараах гурван гол зүйл дээр тулгуурлан явах нь зүйтэй гэж үзжээ. Уг саналаа Ө.Энхтүвшинд хүргүүлж буй албан бичигт тусгажээ.

Тус албан бичигт:

Ардчилсан Үндсэн хуулийг шинээр батлах болон түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахын мөн чанар нь засаглалын хэлбэрийг сонгох асуудал байдаг. Тиймээс 1192 оны Үндсэн хуулийн суурь зарчмыг хөндөхгүйгээр сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн УИХ дахь АН-ын гишүүдийн 2015 онд өргөн барьсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн үзэл баримтлалыг АН дэмжсэн хэвээр байна.

Өнөөдөр Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн асуудлыг УИХ-аар хэлэлцэж буйтай холбогдуулан АН дараах зарчмын байр суурийг илэрхийлж байна. Үүнд:

Нэгдүгээрт, Парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд Монгол Улсын Ерөнхийлөгчийг УИХ-аас сонгодог болох,

Хоёрдугаарт, Төрийн эдийн засаг, анхүү төсвийн сахилга бат, хариуцлагыг тодоохой болгох, орон нутгийн эдийн засгийн бие даасан байдлыг хангах, Засгийн газрын өрийн дээд хэмжээг Үндсэн хуулиар тогтоож өгөх асуудлуудыг тусгах,

Гуравдугаарт, Ард түмний засаглах эрхийг хангах, парламентын хариуцлагыг дээшлүүлэх зорилгоор УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах асуудлыг тусгах нь зүйтэй гэж АН-ын зөвлөл үзэж байна" гэжээ.

Мөн "дээрх санал, санаачилгыг хүлээж авахгүйгээр Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг улс төрийн олонхиор хүч түрж батлах оролдлого хийх аваас бид зөвшилцлөөс албан ёсоор гарч, хэлэлцүүлэгт орохгүй. Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн асуудлаар Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолын төслийг УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд УИХ-д өргөн мэдүүлнэ гэдгээ үүгээр мэдэгдэж байна" гэжээ.

Тус мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.


Албан бичгийг бүрэн эхээр нь хүргэж байна.