Өнгөрсөн хоёр жилийн турш яригдаж буй Эрдэнэтийн 49 хувийн эзэмшилтэй холбоотой асуудлыг Улсын дээд шүүх өчигдөр хэлэлцлээ. 

Шүүхийн шийдвэрт:

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдаанаар дээрх хэргийг хянан хэлэлцээд давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, нийт 13 нэхэмжлэлийн шаардлагаас 6-г нь хангаж, 2 шийдвэртэй холбоотой шаардлагыг хэсэгчлэн хангаж, 5-ыг нь хангахгүй орхиж шийдвэрлэв. Дээд шүүх хэргийг ийнхүү шийдвэрлэхдээ Монгол Улсын Засгийн газар болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар нь УИХ-ын 23 дугаар тогтоолыг хэрэгжүүлэхдээ хууль болон дээрх тогтоолыг зөрчиж,  зарим шийдвэрүүдийг гаргасан байна гэж дүгнэжээ.

Өөрөөр хэлбэл Шүүх Эрдэнэтийн 49 хувийг "Монгол зэс корпораци" эзэмших ёстойг дахин нотлов. Тодруулбал Засгийн газар "Эрдэнэт үйлдвэр", Монголросцветмет-ийн өөртөө шилжүүлэн авахдаа хууль зөрчсөн болох нь тогтоогдож байгаа юм.

Энэ талаар тус корпорацийн ТУЗ-ын дарга М.Мөнхбаатар шүүх хурлын дараа сэтгүүлчдэд мэдээлэл өгөхдөө "Хэдийгээр бидэнд бэрхшээл гарч байсан ч хууль бус шийдвэрүүдийг шүүхээс ямар ч үндэслэлгүй болохыг тогтоолоо. Цаашид олон улсын жишигт нийцүүлэн үйл ажиллагаагаа явуулах төлөвлөгөөтэй байна. Харин Жаст компанитай холбоотой төлбөрийг  буруутай этгээдүүд нь төлөх ёстой" гэсэн юм.