Дуучин Нара хүүхдийнхээ эцгийнхээ тухай үнэнийг дэлгэсэн нь олон нийтийн ярианы сэдэв болж байна. Нэг хэсэг нь дэмжиж нөгөө нь муулцгаав. Аль нь чухал биш. Эцэстээ салж нийлэх эсэх нь тухайн хүний хувь хүний л асуудал. Гэхдээ салалтаар эцэг эх байх үүрэг дуусчихна гэсэн үг биш. Тиймээс ч гэр бүлийн, нийгмийн эмзэг асуудлыг тэр сэдрээж орхив. Учир нь салалт бүхний цаана бяцхан зүрх бий. Хайр халамжаар дутагдан эцэг эхийнхээ аль нэгийнхээ хайрыг хүсэмжлэн өсөж буй эдгээр хүүхдүүд л гэр бүлийн салалтын хамгийн том хохирогчид. 

Монголын шүүх хүүхдийг ээжтэй хамт байлгахыг илүүд үздэг. Харин цөөхөн тохиолдолд эх нь хүүхдийн эрүүл мэнд, хүмүүжилд ноцтой хор аюул учруулахаар байвал аавынх нь асрамжинд үлдээдэг. 

Монгол Улсад анх 1999 онд Гэр бүлийн тухай хууль батлагдаж байсан түүхтэй. Тэр үеэс хойш ийнхүү өнөөдрийг хүртэл тус хууль хүчин төгөлдөр хэрэгжиж байгаа аж. Гэвч энэхүү хуулийн үйлчлэл нь өнөөдрийн айл өрхийн аж амьдрал, гэр бүлийн харилцааг зохицуулахад учир дутагдалтай байгаа гэдгийг хуульчид хэлж байна. Учир нь хуучирсан гэгдээд буй уг хуульд эцэг эхийн үүргийг тодорхойлсон хариуцлагыг тодорхой хуульчлаагүйтэй холбоотой гэдгийг хуульч Р.Булгамаа онцоллоо. 

Үүнээс болоод үлдсэн хэсэг нь хүүхдийнхээ тэтгэмжийн мөнгөө авч чадахгүй хоцордог. Өндөр хөгжсөн орнуудад үүнийг хуульчилаад өгчихсөн. Жишээ нь европын олон оронд эцэг нь шүүхээс тогтоосон хүүхдийн тэтгэмжээ төлөхгүй бол албадан ажил хөдөлмөр хийлгэдэг зохицуулалт бий. Өөрөөр хэлбэл хүүхдийн тэтгэлгийг заавал өгөх ёстой учраас шүүх цагдаагийн байгууллага нь хяналт сайтай ажилладаг гэсэн үг.

Сүүлийн үед эцэг эх байх үүргээсээ татгалзах болсон бөгөөд өнгөрсөн онд гэхэд 11 тохиолдол гарчээ.

Өнгөрсөн 2018 онд гэхэд 2945 гэр бүл гэрлэлт цуцлуулжээ.  Шүүхээс тэтгэлэг тогтоолгосон 1146 хэрэг, эцэг тогтоох 392 хэрэг шийдвэрлэгдсэн байна. Энэ нь өмнөх оныхоос өссөн үзүүлэлт юм. 

Жилд дунджаар 3,000 орчим гэр бүлд салдаг, үүний 45 хувь нь 2-оос дээш хүүхэдтэй гэсэн статистик бий. Гэвч шүүхээр шийдвэр гарсан ч дөнгөж 36 хувь нь хүүхдийн тэтгэмжээ төлдөг байна.