БЭЭЖИН. /China Daily/. БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулсан “Бүс ба Зам” хоёрдугаар чуулга уулзалтыг ахиц дэвшил, хамтын ажиллагааг хөгжүүлэх тавцан боллоо гэж тус улсын дарга Си Жиньпин мэдэгджээ.

“Бүс ба Зам” олон улсын хамтын ажиллагааны чуулга уулзалтын үеэр 64 тэрбум гаруй ам.долларын өртөг бүхий гэрээнүүдийг байгуулсан тухай Си Жиньпин гурван өдрийн арга хэмжээ өндөрлөсний дараа гадаад, дотоодын олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслийн төлөөлөгчдөд мэдээллээ. 

Үүний зэрэгцээ чуулга уулзалтын бэлтгэл болон зохион байгуулалтын үеэр талууд Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хэлэлцээр, хамтран ажиллах төсөл, олон талт хамтын ажиллагааны хөтөлбөр зэрэг 283 прагматик үр дүнд хүрсэн ажээ. “Бүс ба Зам” нь цаг хугацааны чиг хандлагад нийцэж, ард түмнүүдийн зүрх сэтгэлийг татаж, тэдний амьжиргааг дээшлүүлж, дэлхийн нийтэд үр ашигтай байхыг дээрх үр дүн илэрхийлж байна гэж тэрбээр нэмж хэлжээ. 

“Бүс ба Зам”-ыг Хятад улс санаачилсан боловч энэхүү санаачилгын боломж, ололт амжилт нь дэлхий дахины хүрээл болно гэдгийг Си Жиньпин онцлоод,” Бүс ба Зам”-ыг дэмжигчдийн тоо өсөж, сайн түншүүд нэмэгдэж, хамтын ажиллагааны чанар сайжирч буй нь энэхүү санаачилгыг гэрэлт ирээдүй хүлээж буйг энэхүү чуулга уулзалт дэлхий дахинд харууллаа хэмээн тэмдэглэжээ. 

Дөрөвдүгээр сарын 25-27-нд зохион байгуулсан чуулга уулзалтад 150 орон, 90 олон улсын байгууллагын 5000 орчим төлөөлөгч оролцсон юм. 

Чуулга уулзалтад оролцогчид “Бүс ба Зам”-ыг эдийн засгийн хамтын ажиллагааны агуу санаачилга хэмээн сайшаагаад, харилцаа холбоог өргөжүүлж, худалдаа, хөрөнгө оруулалт, тогтвортой хөгжил зэрэг олон салбарт олон улсын хамтын ажиллагааг бэхжүүлж буйг онцолжээ. 


Эх сурвалж: Монцамэ агентлаг