Жил бүр НБЭ-ийн багууд Ази тэр дундаа Хятадын зах зээлд эзлэх байр сууриа баталгаажуулахын тулд Хятадын томоохон хотуудад очиж тоглодог уламжлалтай билээ. Тэгвэл энэ жил Филадельфи Сиксерс, Даллас Маверикс багууд Хятадад тоглолтоо хийхээр болсон байна.

Тэд 10 дугаар сарын 5-ны өдөр Шанхайд, 10 дугаар сарын 8-ны өдөр Шенженьд тус тус тоглохоор болсон байна. Жоел Эмбийд, Бэн Симмонс, Маркелл Фульц нараар ахлуулсан залуу эрч хүчтэй Сиксерс багийн тоглолтыг дэргэдээс нь үзэхийг хүссэн Ази хөгжөөн дэмжигчид олон байгаа нь мэдээж юм. Мөн НБЭ-ийн бүх цаг үеийн шилдэг мэргэн буучдын нэг Дөрк Новицкиг зодог тайлахаас өмнө тоглолтыг нь үзэх хүсэлтэй хүмүүс олон байгаа билээ.

Дөрк Новицки "Би 2008 оны Бээжингийн олимпод оролцохдоо л Хятадын ард иргэд сагсан бөмбөгт ямар их дуртайг нь мэдэрсэн. Нэгэн цагт Маверикс багт тоглож байсан Ван Жижи, И Жианлиан нартай уулзах боломж гарсанд баяртай байна" гэж хэлжээ.