Этиопт нисэх онгоцны томоохон осол гарснаас хоёр хоногийн дараа “Boeing 737 Mах” загварын нисэх онгоцнуудын нислэгийг түр хугацаагаар зогсоох шийдвэрийг Сингапурын Иргэний агаарын тээврийн удирдах газар гаргасан байна.

Иргэний агаарын тээврийн удирдах газрын мэдэгдэлд тэмдэглэснээр, сүүлийн тав хүрэхгүй сарын хугацаанд “Boeing 737 Mах” загварын хоёр нисэх онгоц осолдож, олон зуун хүн амиа алдсантай холбоотойгоор дээрх шийдвэрийг гаргажээ.  

Сингапурын агаарын тээврийн “SilkAir” компани “Boeing 737 Mах” загварын зургаан нисэх онгоцоор нислэг үйлддэг бол “China Southern Airlines, Garuda Indonesia, Shandong Airline, Thai Lion Air” зэрэг компани Сингапур руу энэ загварын нисэх онгоцоор нислэг үйлддэг байна. 

Нислэгүүдийг түр зогсоох хугацаанд Иргэний агаарын тээврийн удирдах газрын мэргэжилтнүүд “Boeing 737 Mах” загварын нисэх онгоцны талаарх мэдээллийг цуглуулж, аюулгүй байдалд учирч болзошгүй эрсдлийг хянан тогтоох ажээ.

Өнгөрсөн ням гарагт Этиопын нийслэл Аддис Абеба хотоос Найроби хотыг зорин хөөрсөн “Ethiopian Airlines” компанийн нисэх онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан юм. Үүнээс гадна өнгөрсөн оны 10 дугаар сард Индонезын агаарын тээврийн “Lion Air” компанийн “Boeing 737 Max 8” онгоц Явагийн тэнгист осолдсоны улмаас 189 хүн амиа алдсан билээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг, Xinhua