ДАМАСК. /Syria/. Хөхний хорт хавдартай хэмээн оношлогдож байсан Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Асадын гэргий Асма аль-Асад өвчинтэйгээ тэмцэж чадсан тухай “Syria” телевиз мэдээлсэн байна.

“Би Сирийн эмч нарын хүчинд эрүүл болсныг хэлэхэд бахархалтай байна. Энэ нь манай улсын эмч, мэргэжилтнүүдийн ур чадвар өндөр түвшинд байгааг харуулж байна. Энэхүү аюулт өвчнөөс сэргийлэхийн тулд тогтмол үзлэг шинжилгээ хийлгэж байхыг 40-ээс дээш насны бүх эмэгтэйд би зөвлөж байна” хэмээн тэрбээр ярьжээ. 

Түүнчлэн хавдарт өвчинтэйгээ тэмцэхэд нь дэмжлэг үзүүлсэн бүх хүнд тэрбээр талархал илэрхийлж, хорт хавдраар шаналж буй бүх хүнд хурдан эдгэрэхийг хүссэн байна. 

Сирийн тэргүүн хатагтай Асма аль-Асад нь Их Британийн Лондон хотод эмчийн гэр бүлд төржээ. Түүний нөхөр, Сирийн төрийн тэргүүн Башар аль-Асад мөн эмч мэргэжилтэй юм. Харин Асма аль-Асад Лондоны их сургуулийн Компьютер технологи болон францын утга зохиолын ангийг онц дүнтэй төгсөж байжээ. 2008 онд Францын “Elle” сэтгүүл түүнийг дэлхийн хамгийн дэгжин тэргүүн хатагтайгаар тодруулж байсан аж. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг