Монголын харшил судлалын нийгэмлэгийн тэргүүн, Анагаах ухааны доктор, профессор, харшлын эмч С.Мөнхбаярлахаас агаарын бохирдолтой холбоотой амьсгалын замын өвчин, харшил астмын талаар тодруулга авлаа.

-Агаарын бохирдлоос шалтгаалсан харшил гэж бий юу?

-Тоосжилт болон агаарын бохирдол амьсгалын замыг хүчтэй цочроож гэмтээдэг. Үүний нэг нь астма өвчин. Энэ өвчин дотроо харшлын болон харшлын бус гэж хоёр хуваагддаг. 

Агаар бохирдуулагчтай ялангуяа дизел машинаас ялгарах тортог, нүүрс модны шаталтаас үүсч байгаа хүхрийн давхар исэл, угаарын хий зэрэг нь амьсгалын замын хучуур эсүүдийг маш их гэмтээдэг. Мэдээж амьсгалын замын халдварт өвчинтэй хавсраад шүү дээ. Зовиур илрэхдээ ямар ч шалтгаангүйгээр ханиалгадаг. Хэрэв удаан хугацаанд ханиалгавал яваандаа амьсгал бачуурах, цээж шуугих, шөнийн цагаар ханиалгаж сэрэх зэрэг зовиур илэрнэ. Хэрэв энэ байдал жаахан даамжирах л юм бол астма буюу багтраа өвчнөөр өвчилдөг.

-Астма буюу багтраа өвчний тархалт сүүлийн үед хэр нэмэгдэж байгаа вэ?

-Бид 10 жилийн зайтай судалгаа хийдэг. 2000 онд Улаанбаатар хотын хүн амын дунд астма өвчний тархалт 2,5 хувьтай байсан бол 2010 онд 4,7 хувь болж нэмэгдсэн. 10 жилийн хугацаанд 2 дахин нэмэгдсэн гэсэн үг. Ирэх онд бид энэхүү судалгаагаа хийх гэж байна. 

-Зарим өглөө, оройд гадаа гарахад хоолой хорсож, шууд ханиалгадаг. Энэ харшилж байгаа хэлбэр мөн үү?

-Ямар нэгэн зүйл шатахад түүнээс хортой хий л ялгардаг. Тухайлбал хүхрийн давхар исэл, угаарын хий, азотын давхар исэл, мөн тортог жижиг ширхэглэгт тоосонцор гээд агаар бохирдуулагчид үүсдэг. Үүний нөлөөгөөр хүний биед харшилна. Хүмүүс үүнийг харшил гэж үзээд аргал хомоолоор утах гээд байдаг талтай. Ийм учраас амьсгалын замын өвчтэй хүмүүст ямар нэгэн байдлаар арц хүж, аргал хомоолоор утахгүй байхыг зөвлөе. Таны амьсгалын зам утааг эсэргүүцэж ханиалгаж, бачуурах зэргээр зовиураа хэлээд байхад тэр үед нь нэмж бусдын зөвлөсөн арга хэрэглэх хэрэггүй.

-Хувь хүмүүс агаарын бохирдлоос хэрхэн сэргийлэх вэ?

-Хүмүүс утааны баг, хүчил төрөгчийн коктейл гээд янз бүрийн зүйл хэрэглэж байна. Гэвч эдгээр аргууд төдийлэн үр дүн авчирахгүй. Ерөөсөө нийгмийг хамарсан томоохон цогц арга хэмжээ авахаас өөр арга байхгүй.Дэлхийн бусад улс орнууд, том хотуудын агаарын бохирдлоо бууруулсан жишгийг судалж хэрэгжүүлж байж агаарын бохирдлоос, түүнээс улбаалсан өвчнөөс сална. Тэгээгүй цагт бид агаарын бохирдлоос бултаж чадахгүй. Ялангуяа амьсгалын замын өвчнөөр бага насны хүүхдүүд түлхүү өвчилж байгаад сэтгэл эмзэглэдэг.  Энэ бол ирээдүйд харшилтай, астматай болох суурийг тавьж байгаа хэрэг.

-Төв зам дагуух байшинтай айлууд хүнд металд хордох магадлалтай гэдэг. Энэ үнэн үү?

-Энэ бол шинжлэх ухаанаар, туршилтаар батлагдсан зүйл. Хурдны болон төв замтай ойрхон амьдардаг хүмүүсийг төм замаас алслагдсан хүмүүсийг харьцуулсан судалгааг Япончууд хийсэн. Ингэхэд тэрхүү зам дагуу амьдардаг хүмүүс астма, харшлын өвчинд өртөх магадлал өндөр байсан. Авто замын гаралтай агаар бохирдуулагчид хүний эрүүл мэндэд ингэж нөлөөлдөг байх нь. Тиймээс Япон улс дизел хөдөлгүүртэй автомашиныг томоохон хотууддаа хориглох шийдвэр гарсан.