НИТХ өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, нийслэлийн Засаг даргаар С.Мөнхчулууныг сонголоо.

Нийслэлийн Засаг даргад нийслэлийн МАН-ын тэргүүлэгчид болон МАН-ын Удирдах зөвлөлөөс НИТХ-ын дарга С.Амарсайханыг нэр дэвшүүлсэн. Харин НИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун заалнаас нэр дэвшсэн юм.

Хотын даргыг сонгох санал хураалтыг нууцаар явуулахад НИТХ-ын хуралдаанд оролцсон 43 төлөөлөгчийн хоёр нэр дэвшигчид өгсөн саналын тоо 21, 21-ээр тэнцсэн.  Учир нь нэг төлөөлөгч саналын хуудас дээр буруу тэмдэглэгээ хийж, саналын хуудас хүчингүй болсон.

Тиймээс дөнгөж сая дахин нууц санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон 43 төлөөлөгчийн олонх буюу 24 нь С.Мөнхчулууныг дэмжиж саналаа өглөө.

Өөрөөр хэлбэл, НИТХ-ын төлөөлөгчдийн 55.8 хувь Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчаар С.Мөнхчулууныг сонголоо. Түүнийг Монгол Улсын Ерөнхий сайд батлах юм.

Санал хураалтын дараа С.Мөнхчулуун "Миний бие "Аз жаргалтай хот" хөтөлбөрийг үргэлжүүлж ажиллана. Үлдсэн богино хугацаанд маш хурдтай, олуулаа хамтарч ажиллах зарчим баримтална. Халаа сэлгээ хийхгүй, одоо байгаа бүрэлдэхүүнээ чадавхжуулж ажиллахад анхаарна" хэмээн мэдээлэл өглөө.


Мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.