Компанийн хөгжил, ажилчдын мэргэжлийн ур чадварт soft skills-ийн гүйцэтгэх үүрэг жил ирэх тутам нэмэгдэж байгааг судлаачид болон томоохон компанийн удирдлагууд онцолж байна. Уг нийтлэлд soft skills, hard skills ойлголтуудын талаар, мөн эдгээрийн мэргэжилтний тухайн салбартаа хөгжих, мэргэшихэд гүйцэтгэх үүргийн талаар өгүүллээ. Түүнчлэн контент анализ хийж, бусад судлаачдын тодорхойлолтуудыг харьцуулан судалж, soft-skills-ийн загвар болон бүрэлдэхүүн хэсгүүдийг гаргав. 


Өнөө үед шинжлэх ухаан-техникийн хөгжил өндөр хурдтай явагдсанаар бидний амьдарч буй хорвоо ертөнц нүдэн дээр маань өөрчлөгдөж байна. Үүнийг дагаад нийгэм эдийн засгийн хөгжил ч мөн хурдассан өнөө цаг үед энэ бүх өөрчлөлтийг гүйцэхийн тулд мэргэжлийн ур чадвараа байнга сайжруулж, тавьсан зорилгодоо хүрэхийн тулд өөрийн мэдлэг, мэргэшил, чадвараа зөв ашиглаж, хөдөлмөрийн зах зээлд бусадтай өрсөлдөхүйц мэргэжилтэн болох хэрэгтэй. 



“SOFTSKILLS" БУЮУ ДОТООД УР ЧАДВАР ОЙЛГОЛТЫН ТУХАЙД


Бүх судлаачид чадварыг 2 бүлэг болгон хуваадаг: HARDSKILLS буюу гадаад чадвар, SOFTSKILLS буюу дотоод чадвар. Softskills, Hardskills-ийн холбогдолтой ойлголтуудыг судалгааны ажлуудад бүрхэг, ойлгомжгүй тайлбарласан байдаг тул уг нийтлэлд өргөн өнцгөөс тайлбар өгөв. Ур чадварыг “ажилтны мэдлэг, чадвар болон мэргэжлийн хувьд чухалд тооцогдох чанаруудын нийлбэр, байгууллагын стратеги зорилт болон албан тушаалд тавигдах шаардлагад нийцсэн, ажлыг амжилттай гүйцэтгэхэд шаардагдах шинж чанарууд, нийгмийн болон хөдөлмөрийн үзүүлэлт” гэж ойлгодог үүднээс тайлбарлах болно. 

Мөн уг тодорхойлолтын үргэлжлэл болох “ур чадвар гэдэг нь хамт олонтойгоо хамт ажлын байран дээр үр бүтээлтэй ажиллах бэлэн байдлыг илтгэх шинж чанаруудын нийлбэрийг хэлнэ”. Уг тодорхойлолт дээр суурилан hardskill болон softskill-ийн тодорхойлолтыг гаргасан болно. 

Юуны түрүүнд орчин үеийн хөдөлмөрийн зах зээл дээр ажил олгогч өрсөлдөх чадвартай ажилтанд тавьж байгаа шаардлага, шалгуур үзүүлэлтүүд дээр үндэслэн дээрх нэр томъёо хэрхэн үүсэн, хэрхэн хувьсан өөрчлөгдсөн гэдэг дээр анализ хийсэн юм.

Эдгээр нэр томъёо нь англи хэлний “hardware”- техник хангамж, “software”- программ хангамж гэдэг ойлголтуудтай ижил байдлаар үүссэн. Компьютер бол барьж, харж болдог материаллаг эд зүйл. Гэхдээ компьютерт хамгийн чухал нь бүх зүйлийг ажиллуулдаг программ хангамж байдаг. Чадвар үүнтэй л адил. Ажил дээрээ амжилт гаргахад нарийн мэргэжлийн ур чадвар шаардагддаг мэт санагддаг - үүнийг судлаачид “гадаад” ур чадвар гэж нэрлэдэг. Гэхдээ карьераа өсгөж, амжилтанд хүрсэн хүмүүс салбартаа хамгийн сайн мэргэжилтнүүд бус, харин эсрэгээрээ “дотоод” ур чадвартай хүмүүс байдаг. Иймд softskills ур чадварыг илүү дэлгэрэнгүй авч үзье. 

Мэдлэг”, “чадвар”, “чадамж” гэдэг ойлголтуудын тайлбараас эхэлье. Мэдлэг гэдэг нь хүний ухамсартайгаар хүлээн авч, ой тоонд хадгалагдан үлдсэн бодит байдлын талаарх мэдээлэл. Чадвар аливаа үйлдэл хийхийг удаа дараа давтсаны эцэст бүрэн хэмжээнд эзэмшиж суусан дадал. Иймд хүн хийж чаддаг зүйлээ хэрхэн, яаж хийх талаар бодолгүй “автоматаар” хийдэг болчихсон байдаг. Чадамж нь чадвараас ялгаатай, ихэвчлэн оюун ухааны эрчимтэй үйл ажиллагаан дээр суурилдаг бөгөөд мөн сэтгэн бодох үйл явцыг хамардаг.  Чадамж гэж олж авсан мэдлэг, эзэмшсэн чадвар, амьдралын туршлага дээрээ үндэслэн аливаа үйлдлийг бие даан, ухамсартайгаар гүйцэтгэх бэлэн байдлыг хэлнэ. 

✔ Тэгэхлээр, чадвар бол бодит нөхцөл байдалд өөрийн мэдлэгээ хэрэгжүүлэх боломжтой байдлыг илэрхийлнэ, чадамж нь бүтээлчээр сэтгэн, чадвараа сонгох боломжийг илэрхийлж байдаг. 

Softskills ур чадварууд ажилд ч, амьдралд ч маш чухал. Эдгээр ур чадваруудын ихэнх нь тавьсан зорилгодоо хүрэхэд ашиглагддаг. Хүн карьерийн шатаар дээш алхах тусам нийгмийн чадварууд амьдралд нь илүү их үүрэг гүйцэтгэж эхэлдэг бол мэргэжлийн чадварууд нь хойш тавигддаг. Иймд янз бүрийн тренинг, сургалтуудын 70% нь softskills ур чадваруудыг эзэмшүүлэхэд чиглэгдсэн байдаг.  

Хүний мэргэжлийн салбарт гаргах амжилтын 85% нь дотоод ур чадвар, 15% нь гадаад ур чадвараас шалтгаалдаг. Тийм учраас ажлын ярилцлагууд дээр ихэвчлэн тухайн ажлыг гүйцэтгэхэд шаардагдах мэргэжлийн чадвартай ямар нэгэн холбогдолгүй асуулт асууж, тест бөглүүлдэг. Сүүлийн үед хийгдсэн судалгааны дүнгээс үзэхэд ажил олгогчдын дотоод ур чадварт хандуулах анхаарал, сонирхол нэмэгдэж 93%-д хүрчээ. Үүнийг эдийн засаг дахь өөрчлөлт, мэдээллийн технологийн хөгжилтэй холбон тайлбарлаж болох юм. Softskills-ийн ач холбогдлыг орчин үеийн судлаачид улам ихээр цохон тэмдэглэх боллоо. 

World Economic Forum-ийн шинжээчид таамаг дэвшүүлж 2020 онд эрэлттэй байх 10 гол чадварыг жагсаажээ. Тэдний таамаглаж буйгаар хамгийн чухал ур чадвар нь Хүнд хэцүү асуудлыг шийдэх чадвар байх юм. Дараа нь критик сэтгэлгээ, жагсаалтын  3 дугаарт бүтээлч сэтгэлгээ бичигдсэн байна. Жагсаалтад орсон бусад ур чадваруудаас дурьдвал: Хүн удирдах чадвар, Хүнтэй хамтран ажиллах, Таарч зохицох чадвар, Сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар, Дүгнэлт, Шийдвэр гаргах чадвар, Хэрэглэгчиддээ анхаарал хандуулах чадвар; Яриа хэлэлцээр хийх чадвар; Олон зүйлийн талаар зэрэг бодох чадвар. Эдгээр бүх ур чадварууд softskill-д хамаарна. 

Өмнө нь хэлсэнчлэн, одоогийн байдлаар шинжлэх ухаанд softskills нэр томъёог тайлбарласан нэгдсэн тайлбар байдаггүй. Оксфордын толь дээр дотоод ур чадварыг “Бусадтай үр бүтээлтэй, эв нэгдэлтэйгээр хамтран ажиллах боломж олгодог хувь хүний шинж чанарыг хэлнэ” гэсэн байдаг. Судлаачид softskills ойлголтыг өөрсдийн өнцгөөс авч үзэж тайлбарласан байдаг ч бүх тодорхойлолтууд хоорондоо харилцан хамааралтай, зарим нь нягт холбогдолтой 


Тодорхойлолт
1
Soft skills – Бусадтай хамтран ажиллах чадвар, ажлын бүтээмжийг сайжруулдаг чадвар болон хувийн шинж чанаруудын бүрдэл юм. Дараах чадварууд хамаарна: хувийн хөгжлийн удирдлага, анхны тусламж үзүүлэх чадамж, цагаа зөв, зохистой зарцуулах чадамж, ятгах чадамж, яриа хэлэлцээр хийх чадвар, манлайлах чадвар гэх мэт.
2
Soft skills – Бусадтай үр бүтээлтэй хамтран ажиллахад чиглэсэн хувь хүний зан чанарын нийлбэр, сэтгэлийн ухаанд (EQ) хамаардаг социологийн нэр томъёо.
3
Soft skills – Удирдах, харилцаа холбоо тогтоох авьяас. Хүнийг ятгах, араасаа дагуулах, удирдах, илтгэл тавих, хүмүүстэй харилцах зөв хандлагыг тодорхойлох, зөрчлийг шийдвэрлэх чадвар болон олон нийтийн өмнө уран яруу ярих чадвар – товчхондоо аль нэг тодорхой мэргэжилд хамаардаггүй, бүх нийтийн эзэмшвэл зохих чадваруудыг хэлдэг.
4
Soft skills – Харилцаа холбоо тогтоох, захирах, араасаа дагуулах, удирдах, олон нийтийн өмнө биеэ зөв авч явах зэрэг амьдралд бусадтай харилцахад өдөр тутам хэрэг болдог нийгэм-сэтгэлзүйн чадварууд хамаарна.
5
Soft skills – Эргэн тойрны хүмүүстэй хэл амаа хурдан ололцох, харилцаа холбоо тогтоох, хадгалах, өөрийн санаа бодлыг зөв илэрхийлэх чадваруудыг хэлнэ. Сайн лидер, яриа хэлэлцээр хийгч хүн. Soft skills нь хүмүүс хоорондоо хэрхэн харилцаж буйтай холбоотой ойлголт юм. Энэ ур чадвар өдөр тутмын амьдралд ч, ажилд ч чухал хэрэгтэй.
6
Soft skills – Хүн боловсрол, амьдралын туршлага дээрээс олж авч, цаашид мэргэжлийн салбар дахь өсөлт, хөгжилдөө ашиглах чадваруудыг хэлдэг. Ийм учир эдгээр чадваруудыг ажлын байран дээр болон ажилд авахад өндрөөр үнэлдэг.

Олон судлаачдын судалгааны ажил, тайлбар, тодорхойлолтууд дээр үндэслэн профессор Чуланова soft skills –ийг дотоод ур чадвар хэмээн дараах байдлаар тодорхойлсон: 

“Хүний мэдлэг, чадвар, хүмүүстэй хамтран ажиллах, сэдэл зориг өгөх боломж, болоцооны нийлбэр; ятгах, яриа хэлэлцээр хийх; бусдыг араасаа дагуулах; бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар; байгууллагын стратегийн зорилт, ажлын байрны тодорхойлолтод нийцсэн ажлыг түргэн шуурхай, амжилттай хийж гүйцэтгэхэд шаардагдах чадвар; хамт олонтойгоо хамт ажлын байран дээр үүссэн нөхцөл байдалд үр бүтээлтэй ажиллах бэлэн байдлыг илэрхийлэх нийгэм-хөдөлмөрийн тодорхойлолт юм”.


SOFTSKILLS – ийн ЗАГВАРУУД БОЛОН БҮРЭЛДЭХҮҮН ХЭСГҮҮД

Судалгааны ажлын дараагийн алхам бол чухам ямар ямар дотоод ур чадваруудыг бүрдүүлбэл өнөө үед хөдөлмөрийн зах зээл дээр өрсөлдөхүйц мэргэжилтэн болох эсвэл карьерийн өсөлтийн хувьд өрсөлдөхүйц мэргэжилтэн болж чадах вэ гэдгийг тодорхойлох явдал байв. Ажилтныг soft skills чадвартай гэдгийг баттай илэрхийлэх шинж чанаруудыг дараах байдлаар гаргасан байна. 

Зураг 1. Soft skills ур чадварыг эзэмшсэн ажилтны шинж чанар Soft skills чадварыг эзэмшээгүй бол ямар ч мэргэжлийн хүн ажилдаа хичнээн мэргэшсэн байсан ч карьераа сүйрүүлэх магадлалтай. Техникийн ур чадваруудыг хаа ч хэзээд үнэлж, сайшаадаг ч тушаал дэвшихэд дотоод ур чадварыг зайлшгүй эзэмшсэн байх шаардлагатай. Хүн хэдий чинээ тушаал ахина, төдий чинээ дотоод ур чадвар хэрэг болдог мөн дотоод ур чадвар бол хүний сэтгэл хөдлөлийг ойлгох чадвар, түүнгүйгээр ажил, амьдралдаа хэзээ ч амжилт гаргаж чадахгүй гэж бичсэн байдаг.

Soft skills бол үндсэндээ амьдралын ухаан юм. 

Soft skills нь чадвараа хөгжүүлэхэд чиглэсэн боломж, болоцоог илэрхийлдэг ба дараах 4 чиглэлд хуваагддаг. 

Зураг 2. Soft skills хөгжлийн чиглэл

Зураг 2. Soft skills хөгжлийн чиглэл
Зураг 3-д танилцуулагдсан чадварууд soft skills гэдэг ойлголтыг бүрдүүлдэг ба хувь хүнийг өөрийнхөө төлөө, үзэл бодлынхоо төлөө тэмцэх, бусдын туслалцааг авалгүйгээр ямар ч нөхцөл байдлыг бие даан удирдах, шийдвэрлэх чадварыг хөгжүүлдэг.

Зураг 3. Soft skills-ийг бүрдүүлэгч ойлголтуудСудлаачид soft skills-ийг ихэвчлэн харилцаа холбоо тогтоох чадвар гэж авч үзэж байна: яриа хийх чадвар, өөрийн үзэл бодолд нотолгоо гаргах, асуулт асуух, эргэх холбоо ашиглах. Харин Чуланова О.Л. soft skills-ийн гол бүрдүүлэгчийг сэтгэлийн ухаан (emotional intelligence буюу EQ) гэж үзсэн байна. Soft skills чадварууд гэж бусдад дэлгэн харуулах боломжгүй, хөндлөнгөөс шалгаж, дүгнэх боломжгүй ур чадваруудыг хэлнэ. Үүнд удирдах болон харилцаа холбоо тогтоох чадваруудыг батгаадаг бөгөөд эдгээр чадваруудын зарим жишээг Зураг 4-өөс үзнэ үү. 

Зураг 4. Харилцаа холбоо тогтоох, удирдах чадварууд 


BMW Group-ийн хүний нөөцийн салбарын захирал Михаэль Альбрехт soft skills чадваруудын хамгийн чухал нь багаар ажиллах чадвар гэжээ.


Зураг 5. Soft skills-ийн төрлүүд

Жинхэнэ утгаараа амжилтад хүрсэн хүмүүс өндөр IQ-тай бус сэтгэлийн ухаан буюу EQ чадвар өндөртэй байдаг. Тэд ажил гүйцэтгэгчийн хувьд ажлыг хийдэггүй ч эрх мэдлийг бусдад дамжуулан төлөөлүүлж, шийдвэр гаргаж, хариуцлага үүрэх чадвартай байдаг. Сэтгэлийн ухаан (EQ) гэдэг нь өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгоход тусалдаг чадваруудыг хэлдэг. EQ-г бүрдүүлэгч үндсэн 4 бүрэлдэхүүн хэсэг байдаг: 

1. Өөрийгөө таних  2. Өөрийгөө хянах 3. Бусдыг ойлгох нарийн мэдрэмж 4. Хүн хоорондын харилцааг удирдах

Удирдагч хүний сэтгэлийн ухаан гэдэг нь үр бүтээлтэй ажиллахын тулд өөрийн болон ажилчдынхаа сэтгэл хөдлөл, мэдрэмжийг ойлгож, ажил бизнесийн нөхцөл байдалтай уялдуулан сэтгэл хөдлөл, мэдрэмжээ удирдах чадварыг хэлнэ.

Зураг 6. Удирдагч хүний EQ-г бүрдүүлэгч хэсгүүд

Зураг 7. EQ бүрдүүлэгч гол чадварууд 

EQ-д “өөрийгөө таних” чадвар багтдагаараа soft skills-ээс ялгаатай. Харин “өөрийгөө хянах”, “бусдыг ойлгох нарийн мэдрэмж” чадварууд soft skills-тэй давхцдаг, “хүн хоорондын харилцааг удирдах” чадвар нь soft skills-тэй нягт холбогддог. 

Бүх чадваруудыг 3 бүлэг болгон хувааж болно: 

  1. Тусгай чадварууд (hard skills)
  2. Танин мэдэхүйн чадварууд (аналитик сэтгэлгээ)
  3. EQ-г бүрдүүлэгч чадварууд 

Удирдах түвшин өндөр байх тусам EQ-тэй холбоотой чадваруудын үүрэг илүү байдаг. Компани амжилттай оршин тогтнохын тулд ажилчиддаа soft skills чадваруудыг хөгжүүлэх хэрэгтэй. Бүх түвшний ажилчдад шинэ үүрэг даалгавар өгөх, үр бүтээлтэй ажиллах сэдэл өгөхөд энэ нь маш чухал. 


Зураг 8. Ур чадварын үндсэн чиглэлүүд

Дотоод ур чадварыг хөгжүүлэх явцад дараах эрсдэл гардаг (Зураг 8). Шаардлагатай ур чадвар бүрийн хөгжлийн дүн шинжилгээг урьдчилан хийх болон зорилго, зорилтоо тодорхой тавих, зөв сэдэл өгөх замаар эрсдэлийг бууруулах боломжтой.  


Зураг 9. Soft skills-ийн эрсдэлүүд

Мэдээж хүн бүр л өрсөлдөгчөө ялж дийлэхийн тулд сайн ярьж, илтгэж, төлөвлөж, мөнгө олж, ятгаж сурахыг хүсдэг.

Хөгжил яг хэзээ ирдэгийг авч үзье. Хувь хүний хөгжлийг илтгэх шинж чанарыг Зураг 9-д үзүүлэв. 


Зураг 10. Хувь хүний хөгжлийн шинж чанарууд 


Хөгжил үндсэн 3 чиглэлээр явагдана (Зураг 10). Үр дүнтэй хөгжихийн тулд хүн эхлээд өөрийн байр байдал, төсөөлөл дээрээ ажиллах хэрэгтэй. Ингэснээр чухам ямар чиглэлд хөгжих, ямар ур чадварыг яах гэж хөгжүүлэх хэрэгтэй, ирээдүйд юу авч ирэх гэдгийг ойлгоход тусална. 

Зураг 11. Хөгжлийн гурвалжинДотоод ур чадварт суралцахад хамгийн чухал нь үүрэг, даалгаврыг мэддэг, ойлгодог байх. Компанийн соёл, үнэ цэнэд тулгуурлалгүйгээр ажилчдыг сургах нь хүлээж буй үр дүнд хүргэдэггүй гэдэг нь практик дээр батлагдсан. Үүрэг, даалгаврыг бүрэн ойлгосноор мэргэжилтнүүдэд ямар чадвар хэрэгтэй, компанийн ашиг сонирхлын төлөө ямар чадваруудыг ашиглах боломжтой, ямар чадваруудыг ашиглах боломжгүй гэдгийг тодорхойлж болдог.



“HARDSKILLS” БУЮУ ГАДААД УР ЧАДВАР ОЙЛГОЛТЫН ТУХАЙД


“Hard skills”-тэй харьцуулахад “soft skills”-ийн нэгдмэл ур чадварууд нь нөхцөл байдлыг дэс дараалсан байдлаар хүлээн авч, боловсруулж, улмаар хүнийг бие даан шийдвэр гаргахад хүргэдэг.  Иймээс мэргэжлийн ур чадвар буюу hard skills-ээс илүү soft skills-ийг ашиглахад хамаагүй хэцүү байдаг. “Hard skills” ойлголтыг судлаачид дараах байдлаар тайлбарлажээ:

Хүснэгт 2. “Hard skills” ойлголтын контент анализ


Тодорхойлолт

1

Hard skills – Бусдад үзүүлэн харуулах боломжтой техникийн ур чадварууд. 

2

Hard skills – Аливаа нэгэн компанийн үйл ажиллагаанд нийцсэн, ажилд ороход зайлшгүй шаардагдах мэдлэг, чадамж. 

3

Hard skills – Логистик, программчлал гэх мэт формал логик дээр суурилсан тодорхой технологийн салбарын үйл ажиллагаатай холбоотой мэргэжлийн ур чадварууд.

4

Hard skills – Санхүү, аудит, логистик, маркетинг гэх мэт формал технологийн салбарын ур чадварууд. 

Hard skills – Хүний хийж буй ажил, үйлтэй салшгүй холбоотой ур чадварууд.

Дээрх тодорхойлолтуудаас дараах дүгнэлтийг хийж болохоор байна: 

✔ Hard skills - гэдэг нь тодорхой ажил гүйцэтгэх чадвар, бусдад үзүүлэн харуулах боломжтой мэргэжлийн ур чадвар. 

✔ Hard skills - гэдэг нь хүн тухайн цаг мөчид хийж буй ажил, үйлтэй холбоотой ур чадвар. 

Excel программ дээр ажиллах чадвар эсвэл машин барих чадвар гэх зэрэг ямар нэгэн тодорхой мэргэжилтэй холбоотой онцгой чадварууд байж болно. Цаг хугацааны явцад хүн өөрөө энэ чадвараа бүрэн эзэмшиж, автоматаар хийдэг болтолоо гаршдаг. Иймд гадаад ур чадвар гэж хүнийг тухайн салбартаа мэргэшсэн хүн болгодог чадварууд гэж ойлгож болно. Хүн энэ чадвараа дээд шатны удирдлагадаа төвөггүй үзүүлж харуулах боломжтой. 

Зураг 12. Hardskills ур чадваруудын жишээ 

Hard skills-ийг өдөр тутмын амьдралд ажиглаж, анзаарахад амархан байдаг. Тухайлбал, уурхайн өрөмдлөгийн мэргэжилтэн өрөмдөх багажны үйл ажиллагааны талаар танд төвөггүй ярьж өгч чадна. Түүний тайлбар товч, тодорхой, дэс дараалалтай байх болно. 

Soft skills ур чадваруудыг хир хэмжээнд эзэмшснийг шалгахад хэцүү байдаг. Ийм учир биеэ хэрхэн авч явахаа мэддэг, өөрийн болон бусдын хүсэл сонирхлыг ойлгодог, сонголт хийж чаддаг болсон цагт soft skills-ийг ашиглаж чадах юм. 

Хүснэгт 2. “Hard skills” болон “Soft skills”-ийн харьцуулалт

Hard skills 

Soft skills 

  • Чадвар 
  • Дүн шинжилгээ, экспертиз 
  • Техникийн талын мэдлэг/мэргэшил 
  • Ойрын хугацааны төлөвт эгзэгтэй 
  • Хурдан хөгждөг
  • Бага хүчин чадлаар баталгаатай үр дүнд хүрдэг (сэдэл, сурах авьяас гэх мэт үндсэн үзүүлэлтүүд хангагдсан үед) 
  • Урвуу хөгжил гэж байдаггүй 
  • Чадвар
  • Үнэт зүйл 
  • Үйлдэлтэй холбоотой зан төлөвийн загвар 
  • Урт хугацааны хэтийн төлөвт эгзэгтэй 
  • Удаан хөгждөг 
  • Их хэмжээний хичээл зүтгэл гаргасан ч шаардлагатай түвшинд хүрнэ гэсэл баталгаа байхгүй (чадвар нь хязгаартаа хүрсэн)
  • Зарим тохиолдолд урвуу хөгжил явагддаг

Аливаа хичээлийг “hard skills” эсвэл “soft skills” ур чадвар хөгжүүлдэг гэж шууд хуваахад хэцүү. Гадны их дээд сургуулиудад “Хүний нөөцийн удирдлага” мэргэжлээр суралцагчдын судлах хичээлүүд дотоод болон гадаад ур чадварыг аль алиныг нь хөгжүүлдэг. Гэсэн хэдий ч судлаачид зарим хичээлийг гадаад ур чадвар хөгжүүлдэг hard-хичээлүүд, дотоод ур чадвар хөгжүүлдэг soft-хичээлүүд гэж ангилжээ.


Зураг 13. Soft-хичээлүүд 



Зураг 14. Hard-хичээлүүд



 Зарим хичээлүүд дотоод, гадаад ур чадварыг хөгжүүлдэг блокийн аль алинд нь багтсан болно (Зураг 15)Мэдээж аливаа ур чадвар, ялангуяа дотоод ур чадвар, хөгжих эсэх нь хичээл зааж буй багшийн заах арга барилаас их шалтгаалдаг тул энэхүү ангилал бүх тохиолдолд бүрэн төгс нийцэхгүй, туйлын зөв гэж ойлгож болохгүй.  

Зураг 16.  Мэргэжлийн дотоод ур чадвар хөгжүүлэх хичээлүүд

Компани бүрт шаардагдах аливаа ур чадвар үйл ажиллагааны онцлогоос нь шалтгаалан харилцан адилгүй байдаг. Тухайлбал, бизнесээ хөгжүүлэхэд анхаарах зорилго тавьсан компанийн менежер нь шинийг санаачлагч хүн байх ёстой. Яаралтай, хямралтай нөхцөл байдал үүсэхэд богино хугацаанд өөрчлөлт хийж, шийдвэр гаргах шаардлагатай компанид кризис менежер ажилтан хэрэгтэй. Хэрэв компанийн үйл ажиллагаа жигдэрсэн, зөвхөн заавар дүрмийг дагаж, үйл явцыг хянах шаардлагатай бол зохион байгуулагч ажилтан байхад хангалттай. 

Эцэст нь, дотоод болон гадаад ур чадварын ач холбогдлыг үгүйсгэх аргагүй юм. Hard skills “Юу хийх ёстой вэ?” асуултад хариулдаг, харин soft-skills “Үүнийг хэрхэн хамгийн сайнаар хийж болох вэ?” гэсэн асуултад хариулдаг. 

Бизнесийн салбар дахь сургалтын онцлог hard болон soft skills-ийн хуваагдашгүй зарчим дээр үндэслэсэн байдаг. Зарим компаниуд хүний soft skills чадварыг нь үнэлж, цаашид ажил дээр гараад хурдан суралцаж, мэргэшинэ гэсэн бодолтойгоор ажилд авдаг. Харин зарим нь юуны түрүүнд мэргэжлийн ур чадварт анхаарал хандуулж, тухайн хүнийг ажлаа хийж, төсөл дээр ажиллаж байх явцдаа soft skills чадварыг өөртөө хөгжүүлнэ гэж ойлгодог. 

Soft skills нь мэргэжлийн салбарт амжилттай ажиллахын тулд шаардагдах харилцаа холбоо тогтоох чадвартай хамааралтай. Hard skills гэж бусдад үзүүлэн харуулах боломжтой тодорхой нэг мэргэжлийн ур чадварыг хэлнэ. 

Эцэст нь дүгнэхэд хөдөлмөрийн зах зээл дээр бусадтай өрсөлдөхүйц мэргэжилтэн болох, тавьсан зорилгодоо амжилттай хүрэх, өөрийн эзэмшсэн мэдлэг, чадвар, чадамжийг мэргэжлийн салбартаа зөв, зохистойгоор ашиглахын тулд хүн бүр soft skills, hard skills ур чадваруудаа өөртөө байнга хөгжүүлэх шаардлагатай юм.