Өнгөрсөн амралтын өдрүүдэд /2019.02.23-24/ Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай улирдлагын хэлтэст нийт 405 дуудлага ирүүлснээс зам тээврийн ослын шинжтэй 288 дуудлага мэдээллийг алба хаагчид хүлээн авч шалгалаа.

Ослын улмаас орон нутагт 2 хүний амь нас хохирч, нийслэлд 11 гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд ба тээврийн хэрэгсэлд зорчиж байх үедээ осолд өртөж гэмт бэртсэн байна.

Хүүхэд өртсөн ослын шалтгаан нөхцлийг үзвэл жолооч нар нь гэр бүл, үр хүүхдээ тээвэрлэхдээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсоны улмаас осол гаргаж гэмтжээ. 

Тухайлбал: 

1. СХД-ийн нутаг 42-р сургуулийн баруун замд T.Chaser маркийн автомашины жолооч А нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас гэрлийн шон мөргөж, зорчиж явсан 13 настай У, 6 настай Э, 3 настай Б нарын 3 хүүхэд гэмтсэн,

2. ХУД-ийн нутаг Морингийн давааны замд T.Pruis маркийн автомашины жолооч Ө нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас онхолдож, зорчиж явсан 41 настай Ө, 5 настай А,  6 настай А нарын 3 хүн гэмтсэн ослууд бүртгэгдсэн байна. 

Манай улсын хэмжээнд хүүхэд аюулгүй тээвэрлэлт болон хамгаалалтын суудлын хэрэглээ 10 хүрэхгүй хувьтай гэсэн судалгаа байна. Зам тээврийн ослын улмаас амь насаа алдаж байгаа болон хүнд гэмтэж байгаа хүүхдүүдийн 70 орчим хувь нь буруу тээвэрлэлт, автомашин дах хүүхдийн аюулгүй байдлыг хангаагүйгээс шалтгаалж байна. 

Энэ мэтчилэн эцэг эхчүүд бусдын бус өөрсдийн хэнэггүй, хайхрамжгүй байдлын улмаас үр хүүхдээ эрүүл мэндээр нь хохироох, цаашлаад амь насыг нь хохироох явдал гарч байгаа тул эцэг эх та хүүхдэдээ хайртай л бол арын суудалд хамгаалах бүс, хамгаалалтын суудал хэрэглэн тээвэрлэнэ үү. 

Нөхцөл байдлын мэдээллээс үзэхэд нийт бүртгэгдсэн зам тээврийн ослын 3 нь явган зорчигч мөргөсөн, 10 нь мөргөлдөх, 1 нь үл хөдлөх зүйл мөргөх, 1 нь онхолдох хэлбэрээр гарсан осол байх бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсоны улмаас зам тээврийн осолд гаргасан жолооч 2, явган зорчигч 1 бүртгэгдэв. 

Цагдаагийн байгууллагаас гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцсон нийт 132 зөрчлийг хүлээн авч хуулийн дагуу шалгаж шийдвэрлэлээ.