Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн албанд нийт 427 дуудлага хүлээн авчээ. Үүнээс зам тээврийн ослын шинжтэй 283 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгаж шийдвэрлэсэн байна.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд 2, орон нутагт 2 хүний амь нас хохирч, 13 хүн хөнгөн, хүндэвтэр байдлаар гэмтэж бэртсэний 5 нь бага насны хүүхэд байжээ. Мөн хяналт шалгалтаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 94 зөрчлийг илрүүлэн саатуулж хуулийн дагуу хариуцлага тооцов. 

Бүртгэгдсэн ноцтой зам тээврийн осол, хэргээс дурьдвал: 

  1. БЗД-ийн нутаг Намъянжүгийн гудамж “Баясах” трейдийн баруун замд T.landcruiser-100 маркийн автомашины жолооч Э нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас явган зорчигч 66 настай Л-г мөргөж амь насыг нь хохироосон,
  2. Мөн орон нутагт Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг “Сүүжийн даваа” гэх газар асфальтан замд T.Pruis маркийн автомашин онхолдож, зорчигч 22 настай М-н амь нас хохирч, 4 хүн гэмтсэн хэргүүдийг тус тус шалгаж байна. 

Амралтын өдрүүдэд хөдөө, орон нутгийн зам болон Улаанбаатар хотоос гарах чиглэл, зуслангийн замд хөдөлгөөний ачаалал их байсан бөгөөд хяналт шалгалтыг байнгын болон хөдөлгөөнт эргүүл хэлбэрээр зохион байгуулж ажиллалаа.  

Хэрвээ жолооч та аялал, амралт зугаалгаар хөдөө, орон нутгийг зорих гэж байгаа бол тээврийн хэрэгслийг хурдыг тогтоосон хэмжээнээс хэтрүүлэлгүй, хамгаалах бүсээ зүүж анхаарал болгоомжтой яваарай. Мөн явган зорчигч та хөдөлгөөнд оролцохдоо гарц, гарамтай хэсгээр зам хөндлөн гарах, тээврийн хэрэгслийн урдуур гэнэт гүйхгүй хөдөлгөөний аюулгүй байдлыг сахин оролцон уу. Жолооч та явган зорчигч нараа хүндлэн гарц, гарамтай хэсэгт хурдаа сааруулж зам тавьж өгсөнөөр энэ төрлийн осол, хэрэг буурах боломжтой юм шүү.