Хоёр Солонгосын удирдагчид өчигдөр хийсэн түүхэн дээд хэмжээний уулзалтынхаа үеэр Солонгосын хойгийг цөмийн зэвсгээс ангижруулж, Солонгосын хойгт энх тайван байдлыг цогцлоохын төлөө хамтын хүчин чармайлт гаргахаар тохиролцсон тухай “Ёнхап” агентлаг мэдээллээ.

Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар хоёр улсын хилийн бүсэд орших Панмүнжом тосгонд өнөөдөр дээд хэмжээний уулзалт хийснийхээ дараа гаргасан хамтарсан мэдэгдэлд “Солонгосын хойгт цаашид дайн дэгдэхгүй гэдгийг,  энх тайвны шинэ эрин үе эхэлж байгааг хоёр Солонгосын 80 сая иргэн болон дэлхий дахинд  бид тунхаглан зарлаж байна” гэжээ.

Мөн 1950-1953 оны Солонгосын дайныг дуусгасан түр эвлэрлийн гэрээг "энхийн гэрээ" болгож өөрчлөхөөр хоёр улсын удирдагчид тохиролцсон байна. Солонгосын дайныг энхийн гэрээгээр бус түр эвлэрлийн гэрээгээр дуусгасан учир зарчмын хувьд талууд өнөө хэр нь “дайны байдалтай” байгаа гэсэн үг юм.

Мүн Жэ Ин, Ким Жөн Ун нар мөн “хоёр улс хоорондын дайсагналыг зогсоох, хоёр улсын хилийг заагладаг Цэрэггүй бүсийг “энхийн бүс” болгож өөрчлөх, АНУ болон БНХАУ-ыг хамруулсан дөрвөн талын хэлэлцээ хийх, Солонгосын дайны улмаас тусгаарлагдсан гэр бүлүүдийн уулзалтыг зохион байгуулах, хил дамнасан орчин үеийн төмөр зам, авто зам тавих, тив дэлхийн шинжтэй спортын арга хэмжээнүүд, тухайлбал энэ оны Азийн спортын наадамд хамтдаа оролцох зэрэг асуудлаар тохиролцоонд хүрсэн байна.