ЖАКАРТА. /BBC/. Индонезын бүх нийтийн сонгуулийн олон сая саналын хуудсыг гараар тоолж, олон цаг ажилласны улмаас сонгуулийн штабын 270 гаруй ажилтан нас барсан тухай тус улсын эрх баригчид мэдээлэв.


Сонгуулийн ерөнхий хорооны /KPU/ хэвлэлийн төлөөлөгч Ариеф Приё Сусантогийн мэдээлснээр, өөр бусад 1878 ажилтан өвдсөн аж. Дөрөвдүгээр сарын 17-нд болсон сонгуулийн саналын хуудсыг тоолох, хянах ажилд 7 сая хүн оролцож байгаа ажээ. Бүгчим орчинд шөнөжин ажиллаж байгаа нь тэдний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлжээ.



Санал өгөх эрхтэй нийт 260 сая сонгогчийн 80 орчим хувь буюу 193 сая хүн 800 мянга гаруй санал хураах байранд ирж, саналаа өгсөн байна. А.Сусантогийн мэдээлснээр, сонгуулийн штабын 272 ажилтан хэт их ажилласнаас үүдэлтэй өвчнүүдийн улмаас нас барсан ажээ. 


Сонгуулийн ерөнхий хороо нас барсан ажилтнуудын ар гэрийнхэн тус бүрт 36 сая рупи /2500 ам.доллар/ буюу нэг жилийн цалингийн доод хэмжээтэй тэнцэх нөхөн олговор олгохоор төлөвлөж байна. 

Эх сурвалж: Монцамэ агентлаг