Энэ сарын 11-15-ний өдрүүдэд Хүй долоон худаг дахь Монгол наадам цогцолборт болох “Нүүдэлчин Монгол” наадмыг зохион байгуулагчид өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тус наадамд 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн соёлын биет бус өвийг өвлөн уламжлагч 700 гаруй ардын авьяастан, гар урчууд, үндэсний спортын 2000 гаруй тамирчин Хүй мандлын зүлэг ногоон дэвжээнээ отоглон бууж, өөрсдийн авьяас билиг, ур чадвараа гайхуулан 5 өдрийн турш цэнгэн өрсөлдөж шилдгүүдээ шалгаруулах юм.

Их наадмыг Зохион байгуулах хорооноос Соёлын биет бус өвийн их наадамд амжилттай оролцсон аймаг, дүүргийг шалгаруулан дараах байдлаар шагнаж урамшуулна.  

  • I байр – нэг – Цом, өргөмжлөл, 20,0 сая төгрөг
  • II байр – нэг - Цом, өргөмжлөл, 15,0 сая төгрөг
  • III байр – нэг - Цом, өргөмжлөл, 10,0 сая төгрөг
  • Тусгай байр – хоёр - Өргөмжлөл, 5,0 сая төгрөг

Мэдээллийн үеэр "Тус наадмыг 3 жилд нэг удаа зохион байгуулах салбарын сайдын захирамж байдаг ч 2013 оноос хойш санхүүгийн хүндрэлээс шалтгаалан зохион байгуулаагүй. Энэ жил зохион байгуулах захирамжийг БСШУС-ын сайд гаргасан.

"Нүүдэлчин Монгол" наадам нь наадам гэхээсээ илүү үндэсний уламжлал өв соёлыг тээгчдийг нэгэн дор цуглуулж, биет бус өв соёлоо хойч үедээ уламжлуулах, сурталчилах, хамгаалах таниулах чухал үйл ажиллагаа юм. Бидний мэддэггүй, сонсож ч байгаагүй үндэсний соёлын биет бус өвүүд ч байна. Тэдгээрийг тээгчид цөөн байна. Тиймээс энэ наадамд иргэд нэн ялангуяа хүүхэд, залуус өргөн олноороо хүрэлцэн ирээсэй гэж уриалж байна" гэдгийг нийслэлийн Соёл, урлагийн газрын дарга Г.Эрдэнэбат онцоллоо.

БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Биеийн тамир спортын газар хамтран зохион байгуулж буй “Нүүдэлчин Монгол” наадам нь Соёлын өвийг хамгаалах тухай хууль, ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийг хамгаалах тухай 2003 оны Конвенци, салбар дундын хамтын ажиллагааны хүрээнд СББӨ-ийг хадгалж хамгаалах, дэмжин хөгжүүлэх, судалж сурталчилах үйл ажиллагааг өргөжүүлэх, таван ай савын хүрээнд СББӨ-ийн зүйлүүд, өвлөн уламжлагчдыг тодруулан алдаршуулах, авьяас билгийг хөгжүүлэх, соёлын өвийн бүртгэл-мэдээллийн санг баяжуулах зорилготой юм.