Америкийн “SpaceX” компани засгийн газрын нууц хиймэл дагуул бүхий “Falcon 9” пуужинг амжилттай хөөргөжээ.

“ТАСС” агентлагийн мэдээлснээр, “SpaceX” компани нь Вашингтоны цагаар өнгөрсөн ням гарагийн буюу өчигдөр оройн 08:00 цагт “Zuma” хиймэл дагуулыг тээвэрлэсэн “Falcon 9” пуужинг Флорида муж улсын Канавералын хошуун дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчний баазаас хөөргөсөн байна. 2018 он гарснаас хойш тус компани анхны пуужингаа хөөргөсөн нь энэ юм. Хөөргөснөөс найман минутын дараа пуужингийн эхний угсраа хэсэг нь амжилттай буцаж газарджээ. Одоогоор энэ хиймэл дагуул яг ямар мэдээлэл цуглуулах нь хараахан тодорхойгүй байна.

"SpaceX" компани нь зөөгч пуужингийн эхний угсраа хэсгийг олон дахин ашиглах технологийг боловсруулан сайжруулж байгаа бөгөөд энэ нь ирээдүйд сансарт нисэх зардлыг эрс бууруулах боломжийг бүрдүүлнэ гэж найдаж байгаа аж.




Эх сурвалж: Монцамэ агентлаг