13 жилийн өмнө Малайзын эрх мэдэлтнүүд үгсэн хуйвалдаж Ш.Алтантуяа хэмээх бүсгүйн амийг зохион байгуулалттайгаар хөнөөсөн билээ. Хэрэгт холбогдсон хүмүүсийн дийлэнх нь ямар нэгэн байдлаар амь насаа алдсан бол алуурчдад ялын дээд хэмжээ цаазаар авах ял оноосон ч цагаатгачихлаа. Харийн нутагт харамсалтайгаар амиа алдсан бүсгүйн хэрэг удах тусам мартагдсаар тайлагдашгүй хэргийн тоонд багтжээ.

Энэ хэргийн талаар талийгаач бүсгүйн аав С.Шаарийбуутай ярилцлаа. 

-Талийгаач охины тань хэрэг шийдэгдсэн үү? Энэ талаар бодит мэдээлэл гаралгүй удлаа.

-Энэ хэрэг шийдэгдэхгүй 12 жил боллоо. Монголд илрэхгүй байгаа 2  том хэрэг байдаг. Хоёуланд нь улс төр орчихсон учраас шийдэгддэггүй. С.Зоригийн хэргийг Монголд сонгууль болохоор ярьдаг, талийгаач охины хэргийг малайзад сонгууль болохоор ярьдаг. Удахгүй Малайзын Ерөнхий сайд Р.Нажибын сонгогдох эсэхийг шийдэх сонгууль болно. Үүнээс олон зүйл шалтгаална. Улс төржсөн эрх мэдэлтнүүд оролцсон хэрэг хэчнээн жил болж ч удах магадлалтай. Гэхдээ тохироо нь бүрдвэл тэр дороо ч шийдэгдэж болно. Цаг хугацааны л асуудал. 

-Таныг гадаадад цагаачлах гэж байна гэж яригдсан. Энэ үнэн үү?

-Би энэ хэргээр хууль, хүний эрхийн байгууллагуудад хандсан. Надад “Бид эрх зүйн гэрээгүй учраас энэ хэрэгт хөндлөнгөөс оролцож чадахгүй” гэдэг. Одоо Гадаад харилцааны яамнаас “Бид иргэндээ үйлчилж чадахгүй нь ээ” гэсэн шийдвэр авчихвал би хүний эрхийг хамгаалдаг, дээдэлдэг орон руу хандахаас өөр гарцгүй шахам болоод байна. 

-Энэ хугацаанд хэргийн үнэнийг олохоор дарга нарын хаалга сахихын зовлонг хангалттай мэдэрсэн байх аа?

-Энэ асуудлаар овоо хөөцөлдөж байтал сонгууль болчихдог, эсвэл засаг нь уначихдаг. Ингээд л урьдны бүх юм шинээр эхэлнэ, дахиад л өргөдөл бичиж эхэлдэг. Түрүүчийн ажлыг үргэлжлүүлэх төрийн залгамж халаа гэж алга. Хууртагдах, хулхидуулах гэдгийг чамгүй хүртлээ. Манай төрийн холбогдох албаныхан иргэнийхээ төлөө  ажил хийж, цалин хүртэж байдаг. Харамсалтай нь тодорхой юу ч хийхгүй байгааг би дараах зүйлтэй холбоотой гэж ойлгож мэдэрсэн. Энэ нь иргэдийнхээ эрхийг хамгаалах асуудлаар мэдлэг чадвар сул, хүнлэг сэтгэл дутмаг, ямар нэг нөлөөнд ордог. Шуудхан хэлэхэд жижиг орны зовлон бүх зүйлд хамааралтай байх юм гэж тэд өөрсдөө хэлдэг нь үнэн бололтой. 

-Талийгаачийн хүүхдүүд хэр том болсон бэ? Ээжийгээ санадаг байх даа?

-Тэд маань ээж гэдэг үгийг насан туршдаа дуудах боломжгүй болсон нь үнэхээр харамсалтай. Би энэ талаар хангалттай олон жил ярьсан. Энэ хэрэг ямар нэгэн байдлаар хэзээ нэгэн цагт шийдэгдэнэ. Монголд хүний эрх ямар их зөрчигдөж байгааг харж ханддаг хүний эрхийн төлөө байгууллага бараг байдаггүй юм билээ. Жишээ нь Үндсэн хуулиар олгогдсон амьд явах эрх, эрүүл хүнс, чанартай боловсрол, эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх, шударга сонгууль гээд ярьвал бүгд л зөрчилтэй байдаг шүү дээ. Тийм учраас хүний эрхийн тухай яриад байна. Өнөөдөр надад тохиолдсон юм, харин таны эрх өдөр болгон мэдэгдэхгүйгээр зөрчигдөж байгаа.

Хэргийн талаар эргэн сануулбал, малайзын нэртэй улс төр судлаач 40 настай Абдул Разак Абдулла Багинда нь тус улсын хоёр цагдааг хөлслөн авч, талийгаач бүсгүйг бөглүү ойд аваачин толгой руу нь буудаж хороогоод, цогцсонд С-4 хэмээх тэсрэх бөмбөг хоёрыг бэхэлж, дэлбэлсэн байдаг. Хэргийн газраас олдсон ясны хэдэн хэлтэрхийнд шүүх эмнэлгийнхэн шинжилгээ хийж аймшигт явдлыг илчилсэн билээ. Хэргийн эзэн Р.Багинда нь Оксфордын их сургуулийн доктор, профессор, Швейцарийн Давосын Дэлхийн эдийн засгийн форумын хүндэт гишүүн бөгөөд тус улсын Батлан хамгаалахын коллежийн Стратеги судлал, Олон улсын харилцааны салбарын эрхлэгч, тухайн үед нэртэй улстөрчдийн зөвлөхөөр ажиллаж байсан гэдэг. Тэрбээр талийгаач Ш.Алтантуяагаар орчуулга хийлгэдэг байсан талаар мэдээлэл бий. Р.Багинда нь мафийн бүлэг эгнээнд зүй ёсоор багтдаг бөгөөд улс орон дамнасан зэвсгийн наймаанд  талийгаачийг дагуулж явдаг байсан, ээлжит нэгэн уулзалтынхаа үеэр орчуулага хийлгэсний дараа гэрчийг устгасан гэдэг.


-Та охиноо нас барснаас хойш төрсөн өдрөөр нь малайзын Ерөнхий сайд Р.Нажибд бялуу хүргүүлж байсныг мэднэ. Энэ жил бас хүргүүлсэн үү?

-Малайзын Ерөнхий сайд Р.Нажибын төрсөн өдрөөр бялуу хүргүүлж, жагсч янз бүрээр л үзсэн. Тэр хүмүүсийн ихэнхийг нь эрх баригчид нь баривчилчихдаг юм. Өнгөрсөн жил төрсөн өдрөөр нь /11/19/ “Сэрээлт” нийтлэлийг Зууны мэдээ сонинд бичиж нийтлүүлсэн. Мартаж болохгүй юм гэж байдаг. Манайхан сэрэхгүй нь бололтой. Өөрсдөдөө ач холбогдолтой зүйл дээр унтахгүй шахам ажиллах атлаа хүний эрх гэхээр л бараг хараагаараа унтаж байна. 

-Багинда өөрөө улс орондоо ч нэр муутай гэж малайз хүнээс сонсч байсан. Одоо Англи руу оргон зайлсан байх аа?

-Одоо Англид байгаа. Малайзын исламын шашинтнууд түүнийг эх орныхоо, бас шашных нь нэр хүндийг унагаасан гэж үздэг талаар малайзчуудаас сонсч байсан. Хэрэв эх орондоо эргээд ирвэл ислам шашны хуулиар чулуу шидэж ална гэдэг юм гэсэн. Багиндаг чөлөөлөхөд, хэрвээ монгол хүнтэй холбоотойгоор малайз хүн хэрэгт холбогдвол тэдэнд нааштай хандаж байхыг хүссэн манай талын албан хүсэлт нөлөөлсөн гэж боддог. 

-Ингэхэд малайзын улс төрчид танаас энэ хэргийн талаар уучлал хүссэн үү?

-Уучлаарай гэдэг үгийг хэлж үзээгүй. Тэр үгийг хэлчихвэл энэ хэргийг хийснээ хүлээн зөвшөөрсөнтэй тэнцэнэ гэж үздэг. Энэ талаар ярилцлага өгсөн маань олон улсад хэвлэгдээд тэдний чихэнд хүрсэн юм билээ. Нэг удаа малайзын парламентийн сөрөг хүчний хоёр гишүүн ирээд малайзын жирийн ард түмний өмнөөс надаас уучлалт гуйгаад монголын хэвлэлд ярилцлага өгөөд буцсан.

-Та нэлээн эрсдэлтэй амьдарч байгаа хүн шүү дээ. Энэ хэрэгтэй холбоотой хүмүүс ямар нэгэн байдлаар амь насаа алддаг гэж сонсч байсан. Үнэн болов уу?

- Үнэн. Хамгийн эрсдэлтэй амьдарч байгаа хүн бол би. Яагаад гэвэл энэ хэргийн цорын ганц гомдол гаргагч нь учраас. Намайг ямар хамгаалах гэж монгол цагдаа дагаж явах биш. Малайзад би амар тайван буудалд буугаад шүүх хуралд ороод ирдэггүй. Асар хүнд нөхцөлд хэд хэдэн буудал сольж, зэргэлдээ улс дамжиж явсан.

Талийгаач охины маань хэрэгт холбогдсон бараг бүх хүн устгагдсан. Энэ хэргийг анхнаас нь өмгөөлсөн Карапал Сингх гээд алдартай өмгөөлөгч байсан юм. Гурван жилийн өмнө ачааны машинд дайруулж учир битүүлгээр амь насаа алдлаа. Малайзын цорын ганц хүндэт парламентэч хүн байсан юм. Одоо хүү нь энэ хэргийг өмгөөлж байгаа. Өөр охины минь хэрэг дээр туслах хүн алга. Бас Багиндагийн хөлсний хуульч алуулсан, ДНК-ийн шилжилгээ хийсэн, шинжээч эмч сураггүй алга болсон. Одоо Багинда Англи руу, Нажибын бие хамгаалагч, хэргийг үйлдсэн офицер Сирул Австрали руу дүрвэн гарсан байдалтай байна. 

-Уг хэргийг үйлдсэн  Сирул гэгчийг Австралиас баривчлуулж болдоггүй юм уу?

-Уг нь Монгол Улс иргэнийхээ төлөө явах үүрэгтэй. Малайзын хувьд иргэнээ Австралид даатгачихаж байгаа юм. Харин Австрали нь цаазын ялгүй орон учраас “Нэгэнт амь зулбаж ирсэн хүнийг буцааж хөөхгүй” гэсэн зарчимтай. Нэг талдаа цаг хожиж хэрэг хөөн хэлэлцэх хугацааг хүлээж байхыг ч үгүйсгэхгүй. Малайзаас манай дарга нарт  чимээгүй байхыг зөвлөсөн, тэдний хүсэлтийг манайхан чандлан биелүүлж нүдэн балай чихэн дүлий суудаг бололтой. Малайз хэрэгтэнээ Австралид хүргэж өгөөд ямар ч хүсэлт тавихгүй байгаа болохоор Австрали дуугүй байгаа. Манайхан Австралийн талд юу ч хэлэхгүй. Энэ байдлаас үзэхэд 3 улсын тохиролцоо гэмээр харагддаг юм.

-Та Ерөнхийлөгч Х.Баттулгад хандсан уу?

-Би захидлаа өгсөн. Бүхэл бүтэн 8 жил болсон Ц.Элбэгдорж ерөнхийлөгч байхдаа надтай уулзах зав гаргаагүй л юм даа. Би түүнд өөрийн гараар бичсэн ил захидлаа гардуулж байлаа. Харин Х.Баттулга ерөнхийлөгч намайг хүлээн авахыг үгүйсгэхгүй. Яамдын холбогдох ажилтнууд баахан ажил хийчихсэн юм шиг буруу ойлголт өгчихгүй бол шүү дээ.

-Малайзад олон эмэгтэй амь насаа алдаж, гэмт хэрэгтэй орооцолдлоо. Таны ойлголтоор энэ улс ямар орон бэ?

-Малайз ерөөсөө хууль  бус юмандаа гаршсан орон. Сүүлд тэнд баривчлагдсан дөрвөн монгол эмэгтэйг гэхэд хилээр гарахад штамп дарсан хэрнээ мэдээллийн сандаа оруулаагүй байсан юм билээ. Хилээр гарах гэсэн чинь хуурамч тамга даруулсан гээд шоронд хийчихсэн. Иргэд хил гарахдаа пасспортныхоо тамгыг хараад өнгөрөх биш самбар дээр гарч буй эсэхийг нь харж хянах ёстойгоо мэдэхгүйгээс болоод алдаж байна. 

Ерөөсөө Малайзууд эмэгтэй хүний талаарх үзэл нь биднээс тэс өөр юм билээ. Миний сонссоноор энэ ертөнцийн хамгийн хариуцлагагүй ислам шашинтууд нь  малайзчууд  гэж яригддаг. Тэд ямар нэгэн эсэргүүцэл тэмцэл, террорист халдлага хийдэггүй. Харин хүний наймаа, биеэ үнэлэлтийг цэцэглүүлсэн орон. Бүр манай иргэнийг 4 мөчөөс нь уячихсан хүчээр биеийг нь үнэлүүлж байсан талаар Малайзын хуульчаас сонссон удаатай. Тэд танай улс ерөөсөө хүнээ хайхардаггүй, энд хичнээн хүн шоронд байгаа гээч, зарим нь бараг хэлээ мартсан байх гэж билээ. Манай улс малайз руу визгүй зорчдог болоход л шоронд орчихсон хүмүүс гэсэн. Монгол иргэнийхээ төлөө ингэж л ажилладаг шүү дээ.

Монголчууд төрөлхийн гэнэн зантай. Тэр зангаараа олон улстай харилцаад байдаг. Гэтэл тэр олон жил капитализмаар явсан орны иргэдийн санаа зорилго өөр. Юун хүмүүнлэг нийгэм байхав дээ. Тэр чинь ердөө намын лоозон үг. Үүнээс болж эдийн засаг, бие  сэтгэл цаашлаад амь насаараа хохирдог. Хүний нутагт очоод эрсдэлд орсон тохиолдолд гадны аль ч орон танай хүн өөрөө явж байгаад ийм байдалд орчихлоо гэдэг.

-Та сүүлд Шанхайд амиа алдсан охины тухай ярьж байна уу?

-Тийм ээ. Надтай ах нь холбогдож ярьсан. Тэр охины хувьд магистраа хамгаалчихаад буцаж очоод дипломоо авах гэж байсан хүүхэд юм билээ. Гэтэл хүний нутагт эрсджээ. Байшингаас унасан гэсэн хэрнээ ямар ч тийм гэх ул мөргүй. Би гэр бүлд нь түргэхэн шиг шарилыг нь авчирч буянаа хий л гэж хэлсэн. Энэ бол ганцхан жишээ. 

-Ийм зовлонг мэдэх хүний хувьд танд олон хүн хандаж байна уу?

-Сүүлийн арван жил надтай олон хүн иймэрхүү асуудлаар уулзаж зөвлөгөө авч байна. Ер нь гадаадад иймэрхүү осол болоход хүмүүс надад хандаж зөвлөгөө хүсдэг. Ийм тохиолдолд шалавхан шиг монгол руугаа авчирч хойтын буяныг бод гэж зөвлөдөг.

-Монголыг иргэнээ хайхардаггүй гэж олон улсад ярьдаг. Энэ хэр үнэний ортой үг бол?

-Гадаадын улс орнууд өөрсдийнхөө иргэдийг л хамгаалдаг. Гэтэл өнөө эрх чөлөөгөө эдлээд гадаадад очоод амь нас нь эрсэдвэл тэндэхийн цагдаа, шүүх, дээд байгууллага нь бүгдээрээ хоорондоо иргэнээ хамгаална гээд эвсчихсэн байдаг. Тэд нарт ийм асуудал гарлаа гэхээр шүүхээр явж байгаа бол тийм төлбөр төл, өмгөөлөгч ав, цогцосыг нь хадгалуул, түүнийхээ мөнгийг төл гэдэг. Ингээд хохирсон ар гэрийнхэн нь баахан мөнгө төлөөд шүүгч өмгөөлөгч, орчуулагчийн эрэлд хатна. Монголд гадаадад өмгөөлөл хийдэг хуульч ганц ч байхгүй. Ийм эрх зүйн  тогтолцоогүй юм билээ.

-Яаманд ханддаггүй юм уу?

-Хууль зүйн яаман дээр очихоор эрх зүйн гэрээгүй учраас бид нар юу ч хийж чадахгүй нь гэж хэлдэг. Гадаад харилцааны яаманд очихоор бид дипломат үүрэг хүлээсэн болохоос биш хуулийн үүрэг хүлээгээгүй гэдэг. Тэгээд өнөө л дипломатаар “Энэ хэрэг яагаад сунжираад байгаа юм бол, анхаарал хандуулж өгөөч” гэсэн бичиг явуулдаг. Ийм захидлыг жилд хэдэн удаа явуулсан, үр дүнгүй шахуу юм билээ. Хоолны талон бичүүлж байгаатай л адилхандуу зүйл юм гэж бодоход хүрсэн. Малайз улс авч хэлэлцэх ч үгүй. Ийм захидал хүлээн авсан гэдгээ ч хэлдэггүй. Ингээд л тэндэхийн амаар л асуудлыг шийддэг, манай иргэний буруу гэхээс ч өөрцгүй.

Үүний ард цөхрөнгөө барсан эцэг эх, төрөл садан нь цөхөрч цаанаа яг ямар ноцтой зүйл болсныг шударга үнэн хуулиар шийдүүлж чадахгүй өнгөрч байгаа юм. Ер нь манай улс хүнийхээ эрхийнхээ төлөө анхаарахад олон хүчин зүйл дутагддаг нь ажиглагдаж байна. Гэтэл гадаадад нэг сэтгүүлч бууны суманд хальт оногдоход л асуудлыг ямар хүчтэй, хурдтайгаар төгс шийдүүлж байгааг бид харж л байдаг.

-Итгэл алдаж цөхрөх үе бий юу ?

-Би цөхрөхгүй. Би хичнээн жил яам, сайд дарга нар, хүний эрхийн байгууллагаар явлаа. Тодорхой үр дүнд хүрэхгүй юм аа гэхэд садаа болохгүй байгаасай гэж бодох боллоо.