ОХУ-ын Тагнуулын ерөнхий газрын хурандаа асан Сергей Скрипаль болон түүний охин Юлия нарыг өнгөрсөн 3 дугаар сарын 4-нд хордуулсан гэх хэрэгтэй холбоотойгоор АНУ-ын засаг захиргааны Оросын эсрэг авсан шинэ хориг арга хэмжээ өнөөдөр хүчин төгөлдөр болж байна. АНУ-ын 1991 оны Химийн болон биологийн зэвсэгт хяналт тавих, түүнийг цэргийн зориулалтаар ашиглахыг хориглох тухай хуулийг ОХУ зөрчсөн гэж Төрийн Департамент үзэж байгаа юм.  
 
Төрийн Департамент энэ сарын 8-нд мэдэгдэхдээ, эхний хэсгийн хориг арга хэмжээнд давхар зориулалттай бараа бүтээгдэхүүнийг нийлүүлэх, АНУ-ын үндэсний аюулгүй байдлын хүрээнд өндөр ач холбогдолтой бараа, технологийг Орост экспортлох, түүнчлэн  газрын тос байгалийн хийн салбарын цахилгаан бараа, эд анги, технологийг нийлүүлэхийг хориглосон юм.
 
Харин хязгаарлалтын хориг арга хэмжээний хоёрдугаар хэсэгт хоёр улсын дипломат харилцааны түвшинг бууруулах эсвэл бүрэн түдгэлзүүлэх, АНУ-ын хүнсний бүтээгдэхүүнээс бусад бараа бүтээгдэхүүнийг ОХУ-д экспортлох, түүнчлэн газрын тос, газрын тосны бүтээгдэхүүн зэрэг Оросын бараа бүтээгдэхүүнийг АНУ-д импортлохыг хориглох, Оросын засгийн газрын хяналтад байдаг аливаа агаарын тээврийн компанийн нисэх онгоцнуудын АНУ-д буулт хийх эрхийг нь хасах зэргийг тусгаж байгаа аж.
 
АНУ-ын авсан хориг арга хэмжээний хариуд ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев мэдэгдэхдээ “Оросын эсрэг хориг арга хэмжээг цаашид чангатгахыг худалдааны дайн зарлаж байна гэж ойлгох болно” гэжээ.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг