Ирэх сарын 29-ны үдээс хойш АНУ дахь 8000 гаруй салбараа хааж, ажилтнууддаа арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзлийн эсрэг сургалт явуулна гэдгээ дэлхий даяар 27300 гаруй салбартай “Старбакс” кофены газар мэдэгдсэнийг “Ассошиэтед Пресс” агентлаг уламжлав.
 
“Старбакс” компани мягмар гарагт мэдэгдэхдээ “АНУ дахь бүх салбарынхаа буюу 8000 гаруй салбарынхаа 175 мянган ажилтанд арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргахгүй байх, “Старбакс”-т орж ирсэн хүн бүртэй тэгш, хүндэтгэлтэй харьцах зэрэг сэдвийн хүрээнд сургалт явуулна” гэжээ.

Өнгөрсөн долоо хоногт Филадельфи хот дахь нэгэн салбарт нь орж ирээд юм захиалаагүй хоёр африк гаралтай америк залууг ариун цэврийн өрөөндөө оруулахаас татгалзсан, улмаар тэднийг цагдаа дуудан баривчлуулсан гэх хэргийн улмаас “Старбакс”-ыг олон нийт “Арьсны өнгөөр ялгаварлан гадуурхах үзэл гаргасан” гэж шүүмжилж, тус кофены газраар үйлчлүүлэхгүй байхыг уриалах болсон юм. Үүнтэй холбогдуулан сургалтыг зохион байгуулах гэж байгаа ажээ.