Ус, эрчим хүчний ухаалаг, зохистой хэрэглээг мэдээллийн технологитой хослуулсан бүтээгдэхүүнийг манай гарааны бизнес эрхлэгч залуус хийж эхэлжээ. Энэ бол “Beelog Planter"  буюу ургамал ургуулах системтэй тасалгааны хүлэмж. Техникийн болон программ хангамжийн мэргэжилтэй мөн ургамал судлаач, агаарын бохирдолын мэргэжилтэн залуус нэгдэн энэхүү ажлыг хийж байна.  Эко төхөөрөмжийн ачаар хүмүүс хүссэн газраа нарийн ногоогоо тариалах боломж бүрдэж байгаа юм. “Бийлог Техноложиес” компанийн захирал Б.Дагвасүрэнтэй ярилцлаа.

-Энэхүү төслийг яагаад эхлүүлэх болов?

-Манай компани нь програм болон техник хангамжийн хосолсон хөгжүүлэлт хийдэг бөгөөд одоогоор ухаалаг толинд суурилсан IoT системийг зах зээлд нэвтрүүлэхээр ажиллаж байна. Сүүлийн үед хүнсний аюулгүй байдлын талаар зөндөө ярьдаг болжээ. Тиймээс энэ тал дээр шийдэл гаргах зорилгоор тасалгааны хүлэмжээ хийж байна. Бас агаар цэвэрүүлэгч цэцгийн савны төсөл дээр ажиллаж байна.

-Энгийн хүлэмжээс юугаараа ялгаатай вэ?

-Тасалгааны орчинд л бол хүссэн газраа тариалах боломжтой. Овор хэмжээ багатай учраас ахуйн хэрэглээнд гэртээ ямар төрлийн навчит ургамлыг тарьж болно. Ургамлын усыг нь эрдэсжүүлээд манант усалгаагаар үндсэн нь шим тэжээлийг нь өгч, дээрээс нь гэрэл тусгадаг. Бас өөрийн гэсэн апликейшнтэй учраас удирдаад явахад хангалттай. Нарийн ногоо гурван сарын дотор ургадаг бол манай төхөөрөмжөөр сарын дотор ургац өгдөг. 

- Үндсэн төхөөрөмж нь ямар  үнэтэй вэ, туршилтаа хэзээ хийв?

-Үнэ нь үйлдлээсээ шалтгаалаад өөр өөр байдаг. Ерөнхийдөө 70-120 мянган төгрөгийн үнэтэй. Төхөөрөмжөө авчихсан бол сардаа мянгаас 10 мянган төгрөг төлөөд үр хөрсөө авахад л хангалттай. Бид тасалгааны хүлэмжийнхээ төслийн судалгааг жилийн өмнөөс эхлүүлсэн. Гуравдугаар сард бууцай, салатны навч, вазиллик зэрэг арваад нарийн ногоог амжилттай туршиж ургуулсан.

-Агаар цэвэршүүлэгч цэцгийн савныхаа талаар танилцуулаач?

-Ургамлын үндэс агаарыг цэвэршүүлдэг. Гэтэл жирийн тасалгааны цэцгийн үндэс хөрсөндөө дарагдчихдаг юм байна. Тэгвэл энэ бид үндэсний хэсгээрээ жижиг цагираган хэлбэртэй агаар орж гарч байх зохион байгуулалттай цэцгийн сав бүтээсэн. 

-Гарааны бизнесээ эхэлж байгаа та нарт ямар асуудал хамгийн их учирч байна?

-Санхүүгийн асуудал хамгийн хэцүү байдаг. Одоогоор бид энэ ажлынхаа төсвийг өөрсдийн программ хангамжийн компанийнхаа олсон орлогоор бүрдүүлж байгаа.