“Christie's” дуудлага худалдааны газар Их Британийн онолын физикч Стивен Хонкингийн хувийн эд зүйлүүдийг дуудлага худалдаанд тавихаар болсон тухай “Associated Press” агентлаг мэдээлсэн байна. Дуудлага худалдаанд тавих эд зүйлсийн дотор түүний тэргэнцэр, докторын зэрэг горилсон эрдмийн ажлын хуулбар багтаж байгаа аж.

Дуудлага худалдаанд түүний номнууд, эрдэм шинжилгээний ажил, авч байсан шагналууд хийгээд түүний 1965 онд бичиж байсан докторын эрдэм шинжилгээний ажлын нэг хувилбар зэрэг 22 эд зүйлийг тавих аж. Эрдмийн зэрэг горилсон бүтээлдээ тэрбээр гарын үсгээ үлдээж байсан бөгөөд энэ бүтээл нь 130-195 мянган ам.доллараар үнэлэгдэж байгаа аж.

Түүнчлэн тус дуудлага худалдаанд нэрт эрдэмтэн Хокингийн хурууны хээтэй “Цаг хугацааны товч түүх” номын хуулбар болон "Симпсон" цуврал хүүхэлдэйн киноны эрдэмтнийг харуулдаг хэсгийг танилцуулах аж. Түүний тэргэнцэр 13-19,5 мянган ам.доллараар үнэлэгдэж байгаа гэнэ. Дуудлага худалдаанаас олсон мөнгийг Хокингийн буяны санд болон Хөдөлгөөний мэдрэлийн эсийн өвчинтэй тэмцэх холбоо руу илгээх аж.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг