Дэлхийн олон улс орон шинжлэх ухаан, технологийн ололтод тулгуурлан мэдлэгийн эдийн засаг, дэвшилтэт болон өндөр технологийг хөгжүүлэх замаар үндэсний өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд хөгжлийн бодлогоо чиглүүлэн судалгааны их сургуулийг хөгжүүлэхэд онцгойлон анхаарал хандуулж байна.

Орчин үед судалгааны их сургуулийг “сургалт, судалгааг хослуулах замаар шинжлэх ухаан-боловсролын нэгдлийг хангах оновчтой хэлбэртэй, мэдлэгийн үйлдвэрлэл, хуримтлуулалт, дамжуулалт, түгээн дэлгэрүүлэлтийг үйл ажиллагааныхаа үндсэн чиг үүрэг болгож чадсан их сургууль” хэмээн тодорхойлж байна.

Олон улсын туршлагаас харахад судалгааны их сургуулийг хөгжүүлэх, байгуулах асуудал нь төрөөс хэдэн арван жилийн турш тууштай бодлогоор болон ихээхэн хэмжээний санхүүжилтийн үндсэн дээр шийдэгддэг байна.

Тухайн улс орон эдийн засгийн нөөц бололцоо, үндэсний онцлогоос хамаарч судалгааны их сургууль байгуулж хөгжүүлэх дараах 3 үндсэн хувилбар байна: 

1. Өрсөлдөөний замаар үндэсний хэмжээний хэд хэдэн тэргүүлэх их сургуулийг сонгож судалгааны их сургууль болгож хөгжүүлэх;

2.  Тэргүүлэх сургуулиудаа нэгтгэж, шинээр судалгааны их сургууль болгон зохион байгуулж хөгжүүлэх;

3.    Цоо шинээр судалгааны их сургууль байгуулах.

Манай Улсын хувьд дээрх олон улсын туршлага, их сургуулиудын хөгжлийн өнөөгийн нөхцөл байдал, улс орны эдийн засгийн чадамж зэргийг харгалзан энэхүү хөтөлбөрийн хүрээнд судалгааны их сургуулийг хөгжүүлэх 1 дүгээр арга замыг сонгоод байна.

Их сургууль судалгааны их сургуулийн ялгаа юу вэ?

Одоогийн 100 гаран мянган оюутантай их дээд сургуулиуд бол сургалтанд суурилсан, нийгэмд зөв төлөвшил, хандлагатай, суралцах чадвартай хүн бэлтгэхэд голлон анхаардаг. Харин судалгааны их сургууль буюу ахисан түвшний сургуулийн хувьд үндсэн зарчим нь “Асуудалд суурилсан сурахуй” ба “Төсөлд суурилсан сурахуй” байж суурь ШУ-ны шинэ мэдлэгүүдийг практикт нэвтрүүлэхүйц “судалгаа”-г тэргүүн зэрэгт тавьж үүндээ тохирсон уян хатан үйл ажиллагаа явуулах боломж бүрдэнэ.

Одоогоор 4 том их сургуулийн үзүүлэлтүүдийг нэгтгээд үзвэл Азийн топ 200 их сургууль дотор орж ирэх боломж байдаг. Энэ хөтөлбөрөөр грант, тэтгэлэг болон судалгааны санхүүжилтийг нэмэгдүүлж, интердисциплинар буюу салбар дундын судалгааг дэмжих механизм үйлчилж, дотоодын мэргэжлийн сэтгүүлүүдийг олон улсын статустай болгох их сургуулиудын инновацийн хөгжлийг дэмжин бодит эдийн засгийн өсөлтөд үзүүлэх үзүүлэлтүүдийг хэмждэг болох зэргээр тухайн нэг сургуулийн үзүүлэлт энэ жишигт хүрэх боломжтой.