Үндэсний номын баяр Сүхбаатарын талбайд өнөөдөр маргааш “Ном бол зам” уриан дор болно.

Энэ үеэр зохиолч уншигчдын уулзалт болж,  номоо гарын үсэгтэй хямдралтай үнээр борлуулах боломжийг олгодог.

“Номын соёлт ертөнц” ТББ-аас жил бүр хавар, намрын улиралд зохион байгуулдаг уламжлалтай уг арга хэмжээнд нийт 120 орчим оролцогч бүртгүүлжээ.

Тухайлбал, номын баярт М.Горькийн нэрэмжит Утга зохиолын дээд сургуулийн дэд захирал С.Ф.Дмитренко, тус сургуулийн Хүүхдийн зохиолын семинарын удирдагч багш, нэрт зохиолч А.П.Торопцев нар хүрэлцэн ирж оролцох юм. Тэд Оросын орчин үеийн болон хүүхдийн уран зохиолын сэдвээр оюутнуудад илтгэл тавьж, зохиолчидтой тусгай уулзалт хийхээс гадна өөрсдийн номын бүтээлээ номын баярт дэлгэн сонирхуулна.

Түүнчлэн номын баярын эхний өдөр олны танил эрхмүүд илтгэл тавьж, өөрсдийн туршлагаас хуваалцах юм. "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхлан "Ид шидтэй ах, эгч хэрхэн болох вэ", лектор Д.Гэрэлмаа "Өглөөний гайхамшиг", "Хадгаламж өлсөхөөс эхэлнэ" номын зохиогч Г.Мөнгөн "Өөрийгөө бүтээ", Н.Энхсайхан, Э.Мишээл нар "Хүүхдээ хэрхэн номонд дурлуулах вэ", лектор Б.Солонго "Өндөр бүтээмжтэй хүний долоон дадал"-ын тухай илтгэл тавина.