Өнөөдөр Монгол 3 дугаар сургуулийн сурагчдын өрнүүлсэн “Амьдралд өнгө нэмье” зорилтот аяны хүрээнд орон гэргүй иргэдэд гэр бэлэглэх ёслол болох гэж байна.

Тус сургуулийн сурагчид, эцэг эхийн зөвлөл хамтраад шинэ жил тэмдэглэхгүйгээр тэрхүү мөнгөө цуглуулан сургуулийнхээ тусламж хэрэгтэй 2 хүүхдэд гэр мөн 4 айлд гурил цагаан будаа авч өгөхөөр болсон нь энэ юм. Уг аянд тус сургуулийн 2056 хүүхэд хамрагдсан байна.

Хэдийгээр хандивын доод хэмжээг 2000 төгрөг гэж заасан ч бүгд үүнээс илүү мөнгө хандивлаж тусламж хэрэгтэй хүүхдийн гэр бүлд эрвийх дэрвийхээрээ тусласан талаар тус сургуулийн багш нар ярьлаа. Сонирхуулахад тус сургууль 2021 онд 100 жилийн ойгоо тэмдэглэх бөгөөд энэхүү тэмдэглэлт баяраараа энэ төрлийн арга хэмжээ түлхүү зохион байгуулахаар төлөвлөөд байгаа гэв.