Шинэ жилийн баяр дөхөж буйтай холбоотойгоор үүсэж болох эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор Эрүүл мэндийн яамнаас өнөөдөр мэдээлэл хийж, иргэдэд зөвлөмж өглөө.

Мэдээллийн үеэр "Хоолны хордлогод орох тохиодол нэмэгдэж байна. Энэ онд 30-аас олон хүнийг хамарсан 16 тохиолдолд 560 гаруй хүн хоолны хордлогын халдвараар өвчилсөн. Мөн гэрийн нөхцөл дэх буюу 3-5 хүн хордлогод орох тохиолдол ч нэмэгдсэн байна. 12 дугаар сар гарснаас хойш шинэ жилийн баяраа тэмдэглэж буй байгууллага, хамт олон хоолны хордлогод орох хандлага нэмэгдэж байна.

Хамгийн сүүлчийн тохиолдол гэхэд энэ сарын 17-нд Баян-Өлгий аймгийн Баяннуур сумын сурагчдын дотуур байрны 80 хүүхэд байрныхаа хоолыг идсэнээс 71 хүүхэд хоолны хордлогын шинж тэмдэг илэрсэн. Одоогоор эмнэлгийн байгууллагад тусгаарлан эмчилгээ хийж байна. 

Тус сумын эмнэлэг 20 ортой. Тиймээс Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн дарга н.Айгулаар ахлуулсан ажлын хэсэг гаран голомт дээр ажиллаж байна. Эхний ээлжид клиникийн шинж тэмдэг хурц илэрч байгаа 47 хүүхэд эмнэлэгт эмчлүүлж байгаа. Үлдсэн 10 гаруй хүүхдийг дотуур байранд нь тусгаарлаж, тэнд нь эмч нар хяналтаар ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар эхний хүүхдүүдийг тусгаарлалтаас гаргах арга хэмжээ авч байна. Эхний шинжилгээгээр хоолны хордлого үүсгэдэг гэдэсний халдварт өвчний нян илэрсэн байна" хэмээн мэдээллээ.

Эрүүл мэндийн яамны мэдээллийг дүрс бичлэгээр хүргэж байна.