Төв аймгийн Батсүмбэр сумын Цогт-Өндөр багийн “Хужирт”гэдэг газар Төмөр замын 306 дугаар точкад зуслагийн байшингаа эргэх гэж явсан нийслэлийн иргэн Э сураггүй алга болжээ. 

Тэрбээр 61 настай бөгөөд Улаанбаатар-Сүхбаатар чиглэлийн 271 дүгээр суудлын галт тэргээр 13:10 цагт очоод сураггүй болсон аж. 

Тус сумын Засаг даргын Тамгын газрын 16 ажилтан, 3 автомашинтай, 04.23-ны өдрийг хүртэл эрэн хайсан боловч үр дүнд хүрээгүй тул ар гэрээс нь “Хараа” голын усанд эрэн хайх хүсэлтийг мөн өдрийн 09:40 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт ирүүлжээ. Аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 24 дүгээр ангийн 4 алба хаагч, тус сумын Цагдаагийн хэсгийн 2 алба хаагч, орон нутгийн 6 иргэн, нийт 12 хүн, 3 автомашин, 3 морьтойгоор 04.24-ний өдрийн 10:10 цагаас эрэн хайх ажиллагааг эхлүүлж, тус сумын Цогт-Өндөр багийн “Баянбуурлын гүүр” гэдэг газраас хойд зүгт УБТЗ-ын “290 дүгээр зогсоол” гэдэг газар хүртэл 16 км-т, урд зүгт “306 дугаар зогсоол” гэдэг газар хүртэл 10 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 20:20 цагт түр зогсоосон ч өчигдөр дахин эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлжээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын Бумбат багт иргэн Б-гийн охин У охиныг эрэн хайж байна.

Охин 9 настай бөгөөд 04.14-ний өдрийн 18:00-19:00 цагийн хооронд гудамжиндаа тоглож байгаад сураггүй болжээ. Дуудлагаар тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, 5 автомашинтай 4.23-ны өдрийг хүртэл эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй.  

Иймээс тус сумын Бумбат багийн “Цагаан нуур” гэдэг газар /сумын төвөөс баруун урд зүгт 2 км-т/ тогтоол усанд эрэн хайх хүсэлтийг тус аймаг дах Цагдаагийн газраас  04.23-ны өдрийн 10:00 цагт ирүүлжээ.

Өчигдөр Аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн 6 алба хаагч, Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн 9 алба хаагч, тус аймгийн Цагдаагийн газрын 35 алба хаагч, Хилийн 0101 дүгээр ангийн 16 алба хаагч, Хилийн 0243 дугаар ангийн 10 алба хаагч, нийт 76 алба хаагч, 8 автомашинтайгаар 10:00 цагаас эрэн хайх ажиллагаа явуулжээ. Ингээд “Дунд гүүр” гэдэг газраас Дулаанхаан тосгоны “4 замын уулзвар” гэдэг газар хүртэл “Ерөө” голын эрэг дагуу 29 км-т усаар, Жавхлант сумаас урд зүгт “Унгаагийн-Ам” гэдэг газраас “Гэзэгт толгой” гэдэг газар хүртэл 46 км-т газраар самналт хийсэн боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 19:00 цагт эрэн хайх ажиллагааг түр зогсоосон байна.

Охиныг харсан, үзсэн хүн байвал 99108260 боnлон Жавхлант сумын хэсгийн төлөөлөгчийн 95919178, Сэлэнгэ аймгийн Цагдаагийн газрын 7036101 утсанд мэдээлэл өгнө үү.