Өнгөрөгч баасан гарагаас эхлэн ихээхэн хэмжээний цас орсны улмаас Өвөрхангай, Өмнөговь, Төв, Говсүмбэр аймгийн  хот хоорондын болон олон улсын автозамын дагуу хүндрэл үүсчээ. Иргэд автомашинтайгаа цасанд суух, тээврийн хэрэгсэл цасанд боогдсон 20 орчим дуудлагаар төв, орон нутгийн Онцгой байдлын газар, анги байгууллагын алба хаагчид ажиллан 20 хүний амь насыг авран хамгаалж, 4 автомашиныг цаснаас татаж гарган иргэдийн амь нас, аюулгүй байдлыг ханган ажиллалаа.

Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын чиглэлд болон Гучин-Ус сумын Хөөвөр багийн “Хашиг” гэдэг газар автомашин цасанд суусан тухай дуудлагаар /2019.05.11-ний өдрийн 16:40 цагт/  Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, 2 автомашиныг цаснаас татан гаргаж, 2 хүнийг аварсан.

Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Билгэх багийн “Бажгайгийн бууц” гэдэг газар цасанд суусан тухай дуудлагаар /2019.05.12-ны өдрийн 02:10цагт/ аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид ажиллан, автомашиныг цаснаас татан гаргаж, 8 хүний амь насыг авран хамгаалав.

Төв аймгийн Архуст сумын  “Эхэн бөрт”, “Хуурайн давааны-Үүр”, “Галуут”, “Гучингийн хоолой”, “Галуутын гол”, “Хашаат” гэдэг  газар тус сумын харьяат малчин Ж, Б,Д, Т, М нарыг  малдаа яваад сураггүй болсон тухай дуудлагаар /2019.05.11-ний өдрийн 00:10 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид  болон сумын ЗДТГ-ын алба хаагчид хамтран эрэн хайх, аврах ажиллагааг зохион байгуулж, малчин Ж, Б,Д, Т, М нарыг тус тус эсэн мэнд олжээ

Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын “Уулзвар” багийн “Чойр уул” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 30 км-т/ Улаанбаатар-Замын-Үүд сумын чиглэлийн зам дагуу замын хажууд суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагаар /2019.05.12-ны өдрийн 03:32 цагт/ Онцгой байдлын газрын алба хаагчид 25 км замыг туулан 05:25 цагт очиж, 00:08 цаг ажиллаж автомашиныг цаснаас татан гаргаж, 5 хүний амь насыг авран хамгаалав.

Дээрх дуудлагуудад Онцгой байдлын албанаас нийт 50 орчим алба хаагч, 10 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллалаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

.