Хоёр долоо хоногийн өмнө Аргентиний усан цэргийн 44 гишүүнтэй шумбагч онгоц сураггүй болсон. Тус услын усан цэргээс эрэн сурвалжлах ажиллагааг зогсоосон талаар өчигдөр мэдэгдлээ. Усан цэргийн ахмад Энрике Балби “Хэчнээн их хүчин чармайлт гаргасан ч шумбагчийг олж тогтоох боломжгүй байна” хэмээжээ. ARA San Juan нэртэй шумбагчаас хамгийн сүүлд энэ сарын 15-нд холбоо барьсан. 

Тэдний алга болсон газрын ойролцоо үл мэдэгдэх дэлбэрэлт болсноос хойш олон хүний итгэл алдарсан билээ. Ахмад Балби “Эрэн хайх ажиллагаа ямар ч үр дүнгүй байсан  найдвар тээж хэдэн өдрөөр сунгасан” гээд хөлгийн үлдэгдэл ч олдоогүйг хэлэв. 

ARA San Juan шумбагч онгоц Ушуайя эрэгт даалгавар гүйцэтгээд буцаж явсан бөгөөд тэр үедээ техникийн саатал гарлаа гэж мэдүүлсэн байна. Тэднийг ажиллагаагаа цуцалж Мар-дель-Плата дахь усан цэргийн бааз руу буцахыг тушаажээ. Ингээд түүнээс хойш нэг ч холбоо барилгүй сураггүй болсон аж.