Сургалтын цөм хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудлыг тодруулах, цаашид сайжруулах санал зөвлөмж боловсруулах зорилгоор хөдөө орон нутаг, нийслэлийн шилдэг багш нараас бүрдсэн 72 хүний бүрэлдэхүүнтэй баг “Үндэсний хэлэлцүүлэг”-ийг өнөөдөр эхлүүлээ.

Бага боловсрол, монгол хэл, математик, нийгмийн ухаан, байгалийн ухаан, гоо зүй-технологи гэсэн 6 чиглэлээр 5 өдөр тусгай  аргачлалын дагуу зохион байгуулах хэлэлцүүлэг нь хөтөлбөрийг гардан хэрэгжүүлэгч багш нар өөрсдөө дүн шинжилгээ хийхээрээ онцлог юм.

Хэлэлцүүлгийн хүрээнд сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийн тохирц, агуулгын залгамж холбоо, өргөсөл, гүнзгийрэл, агуулгын давхардлыг судалж, сум, багийн ерөнхий боловсролын сургуулийн сургалтын зохион байгуулалт, багш, суралцагчийн ачааллыг бууруулах санал, зөвлөмж боловсруулж танилцуулах юм.

Санал зөвлөмжид үндэслэн Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яам, Боловсролын хүрээлэн болон мэргэжлийн бусад байгууллагууд ерөнхий боловсролын сургуульд 2019-2020 оны хичээлийн жилд мөрдөх сургалтын төлөвлөгөө, сургалтын хөтөлбөрийг сайжруулан хөгжүүлж, үндэсний хэмжээний сургалтын бодлого болон шинээр батлагдан гарах дүрэм журамд тусган хэрэгжүүлнэ.

Орчин цагийн боловсролын тогтолцоо манай улсад бүрэлдэн тогтсон цагаас өнөөг хүртэлх хугацаанд бага, дунд боловсролын тогтолцооны шинэчлэлтэй уялдаатайгаар сургалтын хөтөлбөр тодорхой үечлэлтэй өөрчлөгдөж ирсэн.  

Цаг үе, нийгмээ дагаж сургалтын төлөвлөгөө, хөтөлбөр өөрчлөгдөх нь зүйн хэрэг ч хэт ойр ойрхон өөрчлөгдөж байгаа нь сургууль, багш нар сургалтын хөтөлбөрөө ойлгож хэрэгжүүлэхэд хүндрэл үүсдэг талаар багш нар санал, хүсэлт ирүүлж байна.

Дэлхийн олон улс орон сурагчдын ачааллыг бууруулах уян хатан сургалтын хөтөлбөрөөр хичээллэх боломжийг судалж, үр дүнтэйгээр боловсролын чанарыг сайжруулах, сургалтын хөтөлбөрийн урт, дунд хугацааны хэрэгжилтийн үр дүнд дүгнэлт хийж, судалгааны бүтээл, мэдээллийн сан бүрдүүлэн ажиллаж байна.

2014 оноос эхлэн үе шаттай шинэчилсэн бага, суурь, бүрэн дунд боловсролын сургалтын цөм хөтөлбөрт сайн тал олон байгаа хэдий ч засаж сайжруулах асуудлууд байна. 

Тухайлбал, шинэчилсэн хөтөлбөрийг нийгэм, эдийн засаг, эрх зүйн шинэчлэлтэй уялдуулалгүйгээр хэт яаравчлан бүх сургуульд хэрэгжүүлсэн, сургууль, багш нар, олон нийтэд хангалттай ойлголт өгөөгүй, ахлах ангид хичээл заах багш бэлтгэгдээгүй, хот хөдөөгийн сургуулийн бодит нөхцөл байдлыг тооцоогүй учир амжилттай хэрэгжиж чадахгүй байна гэсэн шүүмжлэлийг дагуулсаар байна.

Үүний зэрэгцээ сургалтын хөтөлбөрийн олон удаагийн ойрхон өөрчлөлт нь агуулгын давхардлыг бий болгосон, хичээл, судлагдахууны тоог нэмэгдүүлсэн, сурагч, багшид ачаалал бий болгосон зэрэг сөрөг асуудлыг дагуулсныг хот, хөдөөгийн багш нар ярьж байна.


Эх сурвалж: БСШУСЯ