Франц хүүхдүүд ирэх есдүгээр сараас эхлэн хичээлдээ ирэхдээ ухаалаг гар утас болон бусад ухаалаг төхөөрөмжүүдээ гэртээ үлдээх юм уу унтраах шаардлагатай болж байгаа тухай телевизийн “Си-Эн-Эн” суваг мэдээлэв.

Ухаалаг гар утас болон интернетэд холбогддог таблет зэрэг төхөөрөмжүүдийг сургуулийн 3-15 насны хүүхдүүд сургууль дээрээ хэрэглэхийг хориглох тухай хуулийг өнгөрсөн даваа гарагт Францын хууль тогтоогчид баталсан байна. Харин ахлах сургуулиуд буюу 15-аас дээш насны сурагчидтай сургуулиудын хувьд уг хоригийг тавих эсэхээ сургуулийнх нь удирдлагууд шийдэх аж.

“Өнөөгийн нийгэмд ухаалаг гар утасны дэлгэцээс салахгүй донтох үзэгдэл газар аваад байгаа бөгөөд боловсролын салбарын үндсэн үүрэг нь хүүхэд залуучуудаа ийм донтолтоос хамгаалахад оршдог. Энэхүү хууль нь уг үүргээ биелүүлэх боломжийг сурган хүмүүжүүлэгчдэд олгож байгаа юм” гэж тус улсын боловсролын сайд Жан-Мишель Бланке мэдэгдсэн байна. Уг хууль батлагдсанаар, Франц улсын Ерөнхийлөгч Эммануэль Макроны мөрийн хөтөлбөрийн амлалтуудын нэг нь биелж байгаа юм байна.



Эх сурвалж: МОНЦАМЭ агентлаг