Нийслэлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар сургуульд сүрьеэ өвчний халдвар гарч 17 хүүхэд эмчилгээ хийлгэж байгаа билээ. Үүний цаана сүрьеэгийн савханцрын халдвар авсан 529 хүүхэд байгаа юм.

Нийслэлийн боловсролын газраас тус сургуульд  Эрүүл ахуй халдвар хамгаалалтын чиглэлээр байцаагчийн нарийвчилсан дүгнэлт гарсны дараа хаах эрсдэлтэй эсэхийг тогтооно гэж мэдэгдээд буй. 

Тэгвэл өчигдрөөс эхлэн 15 дугаар сургуульд 3 хоног сурагч нараа амрааж ариутгал хийж эхэлжээ. Мөн сүрьеэгээр өвчилсөн болон сүрьеэгийн вирусын халдвар авсан хүүхдүүдийг яаралтай үзлэг шинжилгээнд хамруулж, сүрьеэгийн эмчийн хяналтад оруулжээ.

Сүрьеэгийн вирус халдварлуулж байсан хүн нь биеийн тамирын багш юм.  Тэрбээр өмнө нь сүрьеэ өвчнөөр өвдсөн ч ХӨСҮТ-өөс эдгэсэн гэдэг бичгээр ажилдаа эргэн оржээ. Гэвч сүрьеэ өвчингүй гэсэн бичгийг хуурамчаар хийлгүүлсэн болох нь 2017 онд шүүхээр нотлогдсон юм байна.