“Би таван хүүхдийг чинь өсгөж чадна, чамтай л сууна. Хүний өөрийн гэж ялгахгүй” хэмээн эрс шийдэмгий үгсийг сонссон бүсгүй эхэндээ яах учраа ч олсонгүй. Эхний амьдралдаа алдаж эндэж үзсэн тул, дандаа охидтой тул шийдвэр гаргах амар байсангүй. Эргэн тойрных нь хүмүүс ч энэ олон охин хүүхэдтэй байж дахин амьдрал зохиох хэрэг байна уу гэж болгоомжлонгуй захицгаана. Бүсгүйн талынхан бүр ч дурамжхан байсан тул бөөн юм болцгоожээ.

Харин ухаалаг хадам аав нь ил шулуухан зангаар нөхөрт нь “Ханилж суух эсэхээ өөрөө мэд. Харин алтыг нь аваад авдрыг нь хаяв. Эхийг нь хайрлачихаад үрсийг нь ад үзэж таарахгүй байх шүү” гэж хэлсэн нь түүний санаанаас гардаггүй. Эр хүний ёсоор хэлсэндээ хүрч энэ хэдэн хүүхдийг хайрлана гээд итгэл дүүрэн хэлэх залууд ч бүсгүй нэг мэдэхнээ дасав.

Учрах ёстой нь учирдаг, болох зүйл болдог ёсоор тэд нэгэн гэрт орцгоожээ. Бүхнийг тэгээс эхэлнэ гээд хэдэн жилийн өмнө хөлсний байраар ангаахай шиг хэдэн хүүхдээ дагуулан амьдарч үзсэн байна. Удалгүй хашаатай бас цоо шинэ таван ханатай гэртэй ч болов. Увуулж цувуулж авсаар гэрээ ч товхийтэл тохижуулаад авсан байна. Ингээд хамтын амьдрал цэцэглэж, хайр сэтгэлийн баталгаа болсон зургаа дахь охин Есүгэн ч мэндлэв. Ийм нэгэн сайхан түүхтэй, гэр дүүрэн шулганалдах хөөрхөн охидтой, инээд цалгисан энэ айл бол Б.Баттулгынх. Гэргийг нь Э.Эрдэнэсүрэн гэдэг. Эднийх айл болсноосоо хойш 7 буудал орчимд төвхнөжээ. Сурвалжлагаар очиход Анир, Амраа, Түмэнжаргал, Эрдэнэжаргал, Отгонтуяа, Есүгэн хэмээх дэрсхэн цэмцгэр охид инээмсэглэн угтав.

Биднийг очиход гэрийн эзэн Өмнөговь аймгийг зорьсон байв. Цалин мөнгө ахиуг нь бодож хүнд даацын машин барьдаг болоод удаагүй аж. Өмнө нь 32-ын тойрог орчимд ачааны тэргээр элс хайрга зөөж амьжиргаагаа болгодог байжээ. Энэ намар ихрүүд нь сургууль орно. Бас бага охидоо цэцэрлэгт даарахгүй хүргэх машины мөнгө хураана, дараа жил байшинтай болно гэсэн зорилготойгоор ийнхүү орон нутаг руу жим гаргасан гэв. Өдөр болгон утсаар ярьдаг ч сардаа нэг удаа 2-3 хоног ирж хэдэн хүүхдүүдээ эрхлүүлээд буцдаг гэнэ. Аавыг нь ярих хооронд л охид аав хэзээ ирэх вэ хэмээн ам уралдан ээжээсээ асууцгаана. Бас аав цагаан сараар авч өгсөн гээд охид шинэхэн дээл хувцасаа нэгнээсээ өрсөн үзүүлэх гэж уралдацгаав. Хувцасны шүүгээ нээхэд ягаан өнгийн голдуу хувцасыг жимбийтэл эмхэж тавьсан нь жаахан охидын цэгцтэй чамбай өсөж байгааг илтгэнэ. 8-2 хүртэлх насны зургаан охин нэгэн зэрэг ээжээ гэж зэрэг юм асуух нь өхөөрдөм гээч.

Ихэр эгч нарынхаа голд зогсох бага охин Б.Есүгэн

25 настайдаа 6 хүүхэдтэй болсон залуухан ээж Э.Эрдэнэсүрэн өнгөрсөн жилийн хүүхдийн баяраар эхийн нэгдүгээр одонгоо Төрийн ордонд Ерөнхийлөгчийн гараас авчээ. 72 дугаар сургууль төгсөж, барилгын коллежид сурч байсан тэрээр хар багын ижил дасал болсон хүүтэйгээ гэрлэн анхны амьдралаа зохиосон аж. Эхний амьдралаа ярихдаа бүсгүй бага зэрэг харцаа буулгах нь хуучны гашуун дурсамжийнх. Айл гэр болцгоон итгэл сэтгэл нэгдэж хүсэж мөрөөдөн хүлээсэн хүүхдүүд нь шил даран мэндэлсэн ч нөхөр нь бор дарсанд дурлаж түүнийг даган олон асуудал үүссэн нь хоёр тийш болох хамгийн гол шалтгаан байсныг цухасхан дурсав. Энэ тухайгаа “Эцэг нь юм болохоор хүүхдүүдтэйгээ холбоотой л байдаг. Нэгэнт ард үлдсэн амьдралыг яриад ч яахав. Бид өөр өөрийнхөөрөө амьдарч байна. Хэдэн хүүхдээ л хүн шиг хүн, боловсролтой болгох л хамгийн чухал” гэв.

Гэрийн эзэн ч хүүхдүүдийн сэтгэл хоёрдож, шаналахаас эмээдэг тул нааш цааш хоёр гэрийн дунд холхиулах дуртай биш гэнэ.

Ихэр охид /Түмэнжаргал, Эрдэнэжаргал нар/

Э.Эрдэнэсүрэн бүсгүй эхээс наймуулаа. Олуулаа өсөхийн жаргал хийгээд зовлонг хангалттай сайн мэднэ. Гэхдээ юм л бол олон хүүхэдтэй гэдгээрээ түрий барин ах дүү нартаа төвөг удахыг хүсдэггүй гэдэг нь ярианаас нь анзаарагдана. 

“Зарим нь намайг хар залуудаа хүүхэд цувуулаад гэдэг л юм. Би хэнээс ч хоол гуйгаагүй. Хэний ч төлөө амьдарч, бас хэний ч төлөө хүүхэд гаргаагүй. Багаасаа л өнөр өтгөн гэр бүлтэй болно гэж боддог байсан. Бурхан миний бяцхан охидыг хайрласан. Эднийхээ төлөө чадах бүхнээ хийнэ дээ. Хань минь бидний төлөө чадлаараа зүтгэж байгаа. Би ч чадахаараа зүтгэх ёстой” гэж итгэл дүүрэн хэлж сууна. Үнэхээр ч хэдэн бор хүүхдүүдээ хүн болгохын тулд гар хумхин суудаг нэгэн биш аж. Өдөртөө хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь зөөж, хоол ундыг хийн гэрийн аар саархан ажилд түүртсээр, орой хүүхдүүдээ унтуулчихаад “Батсежү” компанид гэрээтэйгээр бээлий оёдог ажилтай. Үйлдвэрээс гарсан бээлийний манжатик хэсгийг нь нэхэж эцсийн бүтээгдэхүүн болгодог гэсэн үг. Одоогоор нэг хуруутай бээлийний захиалга авчихсан гэнэ. Алимны хайрцаг дүүрэн бор, шаргал өнгийн бээлийгээ тэр энэ шөнө оёж дуусах ёстой. Тэр 4-10 дугаар сард 5 хуруутай бээлийний захиалгад дарагддаг. Мэдээж ахиухан хийх тусам л овоо хэдэн төгрөг авчих учраас шөнөдөө 2-3 цаг дугхийгээд заримдаа нойргүй хоноод ч болов оёдог. Нөгөө талд тэр хүмүүс надад итгэж байхад би хичээх л ёстой гэж тэр боддог гэв. Ирэх сарын мөнгөө цуглуулж том охин Аниртаа давтлага авахаар төлөвлөжээ. Э.Эрдэнэсүрэн удахгүй дээл оёж сурахаар зэхэж байгаа гэнэ.

Бээлий оёсон мөнгөөрөө сүү талхны мөнгөө олоод л байдаг юм. Мэдээж нөхрийн олсон мөнгө бол том хөрөнгө оруулалт гээд инээмсэглэв. “Хүний амьдрал тул үргэлж тогоо дүүрэн хоолтой өдрүүдтэй таарахгүй. Хамгийн гол нь хажууд тулж түших хань минь үргэлж дэмждэгт баярлаж явдаг. 200 мянган төгрөгийн эсвэл 20 мянган төгрөгийн үнэтэй гутал өмсөхийн ялгаа яах вэ, сэтгэлийн зовлонгүй явна гэдэг чинь л хүний жаргал юм байна. Эмнэлэгт хэвтээд гарахад нь хэдэн үрсээ бөндийтөл усанд оруулчихсан, дулаан хувцаслачихсан, гэр орноо цэвэрлэчихсэн, халамжлан угтдаг ханьтай учирсандаа баярладаг. Нэгнээ гэсэн сэтгэл, халамжийг л хайр гэдэг юм уу даа. Үнэндээ сууя гэсэн үгэнд ч итгээгүй дээ. Хүний таван хүүхдийг хань шиг минь алагчилахгүй хайрлах хүн ховор” хэмээн энэ ухаалаг залуухан бүсгүй намуухан өгүүлэв.

Нээрээ л хэдэн үрсээ нүдэндээ гуниггүйгээр өсөж өндийн хойд урд гэх хар сүүдэргүйгээр хайрлахыг харна гэдэг эх хүнд жаргал байж таарна. Жил дараалан шахуу гарсан хүүхдийнхээ дунд өөртөө гаргах зав үнэндээ гардаггүй, сүүлд хэзээ кино үзсэнээ ч, найзуудтайгаа үүр цайтал инээж хөөрөлдөж сууснаа мартжээ тэр. Гэхдээ энэ чинь зовлон биш, амьдралын хэсэгхэн үе. Үр хүүхэд маань эрүүл байхад иймхэн зүйл яахав, айдаг зүйл минь хүүхэд өвдөх, одоо ч бараг бага эмч болсон, аар саархан ханиадыг эдгээчихнэ шүү, таван жилийн дараа гэхэд амьдрал шал өөр болно гэж итгэлтэйгээр ярихдаа бүсгүйн нүд нь сэргээд л явчихав.

Алдарт эх цахим нэгдэл фэйсбүүк группээр орж зовлон жаргал нэгт ээжүүдийнхээ бичвэрийг уншиж эрч хүч урам зориг авдаг ч зохион байгуулсан арга хэмжээнд нь очих зав гардаггүй аж.

Гэр бүлтэйгээ хийхийг хүсэж мөрөөддөг зүйл байдаг уу гэж асуухад “Фэйсбүүкээр хүмүүс гэр бүлээрээ гадаадад эсвэл хөдөө аялж явна гээд зургаа оруулахад заавал лайк дардаг. Машинтай болчихоороо хүүхдүүдээ суулгаад хаашаа ч хамаагүй зугаалж үзэхийг мөрөөддөг” гэсэн юм. 

Охид л хойно адтай сэргэлэн. Ээжийгээ түлээнд гарах хооронд өөрсдийгөө танилцуулж, нэг бүрчлэн мэддэг дуу шүлгээ ч уншиж амжлаа. Том охиныг Анир гэдэг, хоёрдугаар ангийн сурагч гэнэ. Салхин цэцэг тусчихсан учраас ойрд хичээлдээ явж чадаагүй гэв. Бас Амраа дүү нь хамгийн дүрсгүйг, бага дүү нь хамгийн өхөөрдөм, ихэр дүү нь даруухан гээд нэг бүрчлэн танилцууллаа. Дүү нартайгаа өдөржин айл гэр болж ээжийн дүрд тоглодог, эсвэл загвар өмсөгч болж ээжийнхээ, өөрсдийнхөө хувцасыг ээлжлэн өмсөж алхах дуртай гэнэ. Анирын бас дүү нарынх нь мөрөөдөл нь барбитай болох. Хувцасыг сольдог, цүнхтэй, гал тогооны хэрэгсэлтэй барбитай болчихвол хэзээ ч хаяхгүй, хажуудаа тавьж унтана, интернетээс тийм гоё барби харсан гэж хөөрхөн алаг нүдээ эргэлдүүлэн чин сэтгэлээсээ ярив. Бүр ам булаалдан ярьсан гээч. Тэдэнд барби шиг л хүсэж мөрөөдсөн тоглоом алга гэдэг нь яриа бүхнээс нь батлагдана. 

Харахад 5 дүүтэй, тэднийгээ үлгэр ярьсаар байгаад унтуулчихдаг, аав ээжийнхээ эзгүйд хоол цай хийн хамаг ажилд тусладаг хариуцлагатай эгч боловч нялхаараа Анир охин дарга болохыг хүсдэг ч эмч мэргэжлийг сонгосон талаараа хуваалцлаа. Яагаад гэхэд “Дарга болчихвол би аав ээжийгээ бас айлын жаахан дүү нарыг эмчилж чадахгүй тийм ээ эгчээ. Эмч болж байж л хүн эмчилж хүмүүст тусална” гэв.

Гэрэл зурагчин  Г.Базаррагчаагийн маань авчирсан бяцхан бэлэгт баяр дүүрэн үлдсэн хүүхдүүдийн инээмсэглэл чин үнэн бас өхөөрдөм. Өнөөдөр тэд маргааш ирэх аавыгаа тэсэж ядан хүлээж суугаа. Яагаад гэвэл аав нь охидоо баярлуулна бас бага охин Есүгэний төрсөн өдөр ч болно. Бялуу бас чихэр гээд баяраар авах амттанаа бяцхан хуруугаа даран тоолон хөгжилдөх Б.Баттулгынхаас энэ өдөр ийнхүү хүүрнэлдэж сэтгэл дүүрэн гарлаа.

Хүн хүнийхээ хүчинд, загас усныхаа хүчинд гэдэг. Бүтэн амьдралыг цогцлоож болж бүтээхийн төлөө яваа эцгийн сайхан сэтгэл, дутуу хэцүүгийн зовлон таарах ч гуниж гомдох биш хүсэл тэмүүлэлтэйгээр урагшилж буй бүсгүйн ухаанаар охидын ирээдүй гэрэлтэнэ. Барби ярьсан, эмч болохыг мөрөөдсөн Ч.Анир охин 20 жилийн дараа мөрөөдөлдөө хүрчихсэн дүү нартайгаа багын явдлаа хуучилж суух болов уу. Ийм гэгээн хүсэл мөрөөдлийг өөдрөг бүхэн л дагах учиртай. Тэгээд ч хүсэж тэмүүлж явахад, хүн хүнээ хайрлахад амьдралын зам мөр өөдрөг гэгээн билээ.