"Сүү" компанийн тарагнаас хулгана гарч ирсэн гэх мэдээлэл нийгмийн сүлжээнд тархаад буй. Уг мэдээлэлтэй холбогдуулан "Сүү" ХК мэдэгдэл гаргалаа. 

МЭДЭГДЭЛ

Өнөөдөр сошиал суваг болон олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр СҮҮ ХК-ийн бүтээгдэхүүнтэй холбоотой хэрэглэгчдийг төөрөгдүүлсэн, ор үндэсгүй мэдээлэл цацагдаж, компанийн болон брэндийн нэр хүндэд халдаж байгаад харамсаж байна.
Сүү ХК- ийн бүтээгдэхүүний савлагаа нь битүү шугамаар явагддаг, дамжлага бүрт зориулалтын нарийн шүүлтүүр байршуулж, чанарын өндөр хяналт тавьж, мэргэжлийн инженер техникийн ажилтнуудын байнгын хяналтан дор үйлдвэрлэгддэг тул гадны биет орох ямар ч боломжгүй юм.
Үндэслэлгүй, гүтгэлгийн шинж чанартай, хэрэглэгчдийг төөрөгдүүлж, компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлсөн энэхүү хуурамч мэдээлэлд эрхэм хэрэглэгч та бүхэн шүүмжлэлтэй хандахыг хүсье. Энэ асуудлаар бид мэргэжлийн болон хууль, хяналтын байгууллагуудад хандаж шалгуулах болно.
Сүү ХК-ийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, үйл ажиллагаатай холбоотой мэдээллийг биднээс албан ёсоор авч, санал хүсэлтээ нээлттэй ирүүлнэ үү.