Сайжруулсан шахмал түлштэй холбоотой цаг үеийн асуудлаар холбогдох албанынхан өнөөдөр мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Пийшин зуухны галлагаа, битүүмжлэл муу, яндангаа хөөлөөгүй, хавхлагаа хаах зэргээс үүдэж угаартах магадлал өндөр байгаа учраас иргэд галлагааны зөвлөмжийг дагаж мөрдөх нь зүйтэй. Энэ 7 хоногт Яаралтай түргэн тусламжийн төвд хандаж гурван дуудлага ирсэн. Дуудлага өгсөн иргэд эмнэлгийн тусламж зөвлөгөөг авсан. Сүүлийн өдрүүдэд ахуйн шинж чанартай ялангуяа яндангийн цооролттой холбоотой дуудлага их ирж байна. Тиймээс иргэдэд аюулгүй байдлаа хангахыг зөвлөмөөр байна” гэв.

Нийслэлийн Агаарын бохирдолтой тэмцэх газрын даргын үүрэг гүйцэтгэгч Х.Галымбек "Агаарын чанартай холбоотой мэдээллийн хувьд PM2.5 буюу нарийн ширхэгт тоосонцор өнгөрсөн оны энэ үетэй харьцуулахад 55 хувиар буурсан, PM10 буюу том ширхэгт тоосонцрын хэмжээ 38 хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Харин агаарын чанарт хүхрийн хэмжээ их гарсан ч гол шалтгаан нь автомашины утаанаас их ялгарч байгааг судалгаагаар тогтоосон" гэлээ. 

Сүүлийн өдрүүдэд нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт түүхий нүүрстэй холбоотой дуудлага ихэсч, авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоогоор түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан хэрэг олширч байгаа талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн хэллээ. Ард иргэдийн эрүүл мэндийг сахин биелүүлэх, агаарын бохидолтой тэмцэх Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангахад иргэд, аж ахуйн нэгж хамтарч ажиллах, түүхий нүүрсний хэрэглээг таслан зогсоохыг албаныхан уриаллаа. Нийслэлд түүхий нүүрс тээвэрлэсэн болон хэрэглэсэн тохиолдолд зөрчлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 4.1.3-т зааснаар иргэнийг 300 мянга, аж ахуйн нэгжийг гурван сая хүртэлх төгрөгөөр торгож байгаа талаар мөн мэдээлсэн юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс