Цаг хугацаа гэж юу вэ? Нэг хэмнэлээр тасралтгүй үргэлжлэх өнө мөнхийн цаглашгүй тоолол гэдэгтэй хүн бүхэн санал нийлнэ. Эртний мэргэдээс эхлэн эдүгээ үе хүртэл бүгд л тэгж бодож явсан. Орчин үеийн физикийн шинжлэх ухааны үндсийг тавьсан агуу их Исаак Ньютон гуай үнэмлэхүй орон зай, цаг хугацаанд тулгуурлан өөрийн онолыг нээжээ. Бүх юм яв цав сайхан тохирч байж. Гэтэл XX зууны эхээр нэгэн жүүд хүн энэ бүхнийг орвонгоор нь эргүүлжээ. Цаг хугацаа, орон зай гэдэг бол хамелеон шиг хувирамтгай бөгөөд бохь шиг сунаж агшдаг ер бусын барьцгүй эд болохыг нээгээдхэв. Тэр нь харьцангуйн онол нэртэй. Зөн мэдрэмжээр нээж олсон онол нь туршилтаар батлагдав. Их масстай биетийн таталцлын нөлөөгөөр гэрлийн долгион хүртэл муруйдаг тухай үлгэрийн фантастик гэмээр төсөөлөл үнэн бодит явдал байвал яах вэ? Нарны цацраг муруйна гэсэн үг шүү дээ. Энэ бүхэн юу ч биш байжээ.

Бурхан анхны гарааны цэг буюу өгөгдөл өгсөн байна. Их тэсрэлтээр үүссэн орчлон ертөнц гэгч нь эрдэмтдийн таамаглаж байгаа 14,5 тэрбум орчим жилийн өмнөөс гараагаа эхэлжээ. Урьд өмнөхийг бол тооцох боломжгүй, хэтэрхий хүнд асуудал. Ер нь физик өгөгдөхүүн нь тун бага, тун ялимгүй зөрөө гарахад л орчлон ертөнц өргөжин тэлэх боломжгүй зүгээр л бантан болж хувирах байжээ. Ингээд тогтвортой сайхан орчлон ертөнц бий болов. Энэ бүхэн цаашид тооцооны дагуу өрнөх ёстой. Гэтэл бас нэг гажиг илэрлээ. Орчлон ертөнц тогтвортой бус бөгөөд байнга тэлж байгаа гэсэн үзэл онолыг Оросын суутан Фридман дэвшүүлэв. Орчин үеийн хамгийн хүчирхэг хэрэгсэл болох Хабблын дурангаар шагайж үзвэл одод бие биенээсээ холдож байгаа дүр зураг үзэгдэв. Тиймээ, тэлж байгаа орчлон ертөнц! 

Таталцлын хүчээр одод яагаад бие бие дээрээ унадаггүй вэ? Орчлон ертөнц хил хязгааргүй учраас төв цэг гэж үгүй. Мөн гайхалтай тайлбар шүү!

Дараагийн нэг сонин гажиг нь орчлон ертөнц хуулиндаа захирагдан яв цав байж, ирээдүй нь тодорхой байх ёстой атал тийм боломж байхгүй гэнэ. Агуу Эйнштейн " Бурхан шоо хаядаггүй" гэсэн алдарт эшлэл хэлсэн нь байгалийн хуулинд захирагдсан орчлон ертөнцийн ирээдүй тодорхой байх ёстой гэсэн сэтгэлгээ юм. Гэтэл материйн язгуур эд эс болох эгэл бөөмсөд тавьсан туршилт нь ирээдүй тодорхойгүй гэсэн цочирдмоор хариуг хүн төрөлхтөнд дуулгав. Эгэл бөөмсийн байрлал хурд хоёрыг зэрэг тогтоож чадвал ирээдүйд хаашаа шилжихий нь тодорхойлж болно. Гэтэл нэгэн зэрэг тогтоох боломж байхгүй. Энэ нь аппарат хэрэгсэл муудаа биш ерөөсөө орчлонгийн суурь шинж ийм байж таарлаа. Бурханы дэглэсэн ертөнц нь байгалийн хуульд захирагдавч ирээдүйн тухай асуудал нь санамсаргүй тохиолдлын үр дүн байх ажээ. Явж явж бидний амьдрал ахуй, зам мөр санаатай үйлийн үр дагавар, санамсаргүй тохиолдлын уулзвар ч юм шиг ер бусын сонин сэтгэгдэл төрлөө. Тодорхойгүйн зарчим гэсэн хачин этгээд онолыг нээсэн Хайзенберг гуай Эйнштейны дараах бас нэг шинэ ертөнцийг нээгч юмаа гэсэн бодол орж ирсэн билээ. Тодорхойгүйн зарчим бол физикийн төдийгүй философийн онол юм шиг.

Энэ номын эцсийн зорилго нь орчлон ертөнцийн үүсэл ба төгсгөлийн тухай. Бүх юм хураагдсаар хар нүхэнд орж хумигдаж дуусах аж. 

Гэрэл хүртэл гарч чадахгүй аймшигтай нягт масстай хар биет харанхуй нүхэн дотор дараагийн орчлон ертөнцийн үр хөврөл бий болж байгаа ...

Орчлон ертөнц орон зайд хил хязгааргүй, цаг хугацаанд эхлэл, төгсгөлгүй , Бүтээгчийн хувьд хийх зүйл үгүй ажээ. Номын зорилго, агуулга яг энэ номлолоор өндөрлөж байгаа юм. Бүүр цаагуураа нарийн яривал бурханы тухай эрэл хайгуул юм. Нэг асуудал тодорхой хариултгүй үлдэж байгаа нь орчлон ертөнц од гараг, галактик гэх мэт мега ертөнцөд тохирч байгаа хуулиуд материйн язгуур гүндээ буюу эгэл бөөмсөд үйлчлэхгүй. Үүнийг квант физик гэсэн тусгай онолоор тайлбарлаж байна. Хачирхалтай парадокс! Яг л гэрэл долгион, бөөмс гэсэн хоёрдмол шинж үзүүлж гайхшруулдаг шиг.

Ертөнцийн суурь дөрвөн хүчийг нэгтгэсэн нэг онол байх ёстой гэсэн эрэл хайгуул үргэлжилсээр байгаа бөгөөд энэ нь супер нэгдлийн онол юм. Энэ ном бол бүхэлдээ шинжлэх ухааны хялбаршуулсан тайлбар. Дэлхийд од мод болсон, зохиогчоо саятан болгосон бүтээл.

Амжилттай явсан сайхан залуу хорь хүрээд л гэнэтийн гайд дайрагдаж хэлгүй, хөлгүй хүн болж хувирсан. Саажилт өвчин тусаж, мэдрэлийн эс нь мэдээгүй болж насан туршдаа тэргэнцэрт хадагдсан ч гайхамшигт оюун ухааныхаа хүчээр XXI зууны Эйнштейн гэж алдаршсан суут эрдэмтэн билээ.